“Хотын ногоон хөгжил” сэдвээр 20 гаруй илтгэл тавина
2015-09-18

 

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар 2014 оны 8 дугаар сард “Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум”- ыг “Хотын тогтвортой, хүртээмжтэй хөгжил” сэдвээр зохион байгуулж, бүс нутгийн улс, хотуудын удирдлага Улаанбаатар хотод чуулсан. Форумд оролцогчдын саналаар тус үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж, тодорхой асуудлаар бүс нутгийн хотууд харилцан санал солилцон, хамтран ажиллаж байхаар тогтсон юм. Үүний дагуу Нийслэлийн ЗДТГ-аас “Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум”-ын хүрээнд “Хотын ногоон хөгжил” сэдэвчилсэн хуралдааныг 2015 оны 09 дүгээр сарын 21, 22-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.


Тус форумд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн удирдлагууд, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг, УИХ-ын гишүүн, НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн Ерөнхийлөгч С.Оюун болон бүс нутгийн улс, хотуудын дарга, орлогч, холбогдох мэргэжилтнүүд, ОУ-ын байгууллагын төлөөллүүд оролцох юм. Форумд оролцогчид хоёр өдрийн турш  ногоон хөгжлийн талаар тусгай долоон сэдвээр хэлэлцэж, 20 гаруй илтгэл тавигдана. Энэ удаагийн форумаар бүс нутгийн хотууд Ногоон хөгжлийн бодлогын талаар харилцан туршлага солилцож, хамтарсан илгээлт гарган ирэх 12 дугаар сард Парис хотод болох НҮБ-ын чуулгад өргө барихаар төлөвлөж байна. Зүүн Хойд Азийн бүс нутгийнхан Ногоон хөгжлийн бодлого, чиг хандлагын талаар Улаанбаатар хотод анх  удаа чуулж байгаа бөгөөд тус форумыг UBS, BLOOMBERG, TM телевизүүд шууд дамжуулан үзэгчдэд хүргэнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Shuud.mn
Сонин хачин