Эзэмшсэн мэргэжил, ур чадвараа тайлагнаж байна
2015-09-18

 

“Мэргэжлийн сургалт-таны амжилтын үндэс” ур чадварын анхдугаар уралдаан, өдөрлөг  яг одоо Тусгаар тогтнолын талбайд болж байна. Энэхүү арга хэмжээг Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төв, Нийслэлийн Хөдөлмөрийн газраас зохион байгуулж байгаа аж.  Монгол Улсын Засгийн газар 2012-2016 онд хэрэгжүүлж байгаа “Ажилтай орлоготой Монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд энэхүү арга хэмжээг өрнүүлж байна.

 

Өдөрлөгийн үеэр Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан хэлэхдээ "Өнөөдрийн арга хэмжээний онцлог "Мэргэжил бүхэн сайхан" гэсэн уриан дор болж байна.  Өнөөдөр “Ажилтай орлоготой Монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд иргэд үсчин, гагнуурчин, барилгачин, тогооч гэсэн олон төрлийн мэргэжилтэй болж мөн мэргэжил дээшлүүлсэн залуучууд маань ямар дүнд хүрсэнээ тайлагнаж байна" гэв.

 

 

Харин НЗД-ын ХАНХАХ орлогч дарга Ц.Буяндалай "Өөрийнхөө эзэмшсэн мэргэжлээр ажил олдохгүй байгаа иргэд мэргэжлээ сольж, түр сургалтуудад хамрагддаг. Өнгөрсөн оны түвшинд 1800 хүн хамрагдсанаас 1300 нь төгссөн. Энэ жилийн онцлог нь сургалтад хамрагдсан иргэдийн дунд уралдаан зарлаж, өнөөдөр Тусгаар тогтнолын талбайд шүүн явуулж байна” гэлээ.

 

Нийслэлийн Хөдөлмөрийн газар 2015 онд “Мэргэжлийн болон давтан сургалт зохион байгуулах сургалтын байгууллагуудыг шалгаруулах тендер"-ийг нээлттэй зарлан, шалгарсан 51 сургалтын байгууллагатай гэрээлж, 36 мэргэжлээр сургалтын үйл ажиллагаа явуулжээ.  Мэргэжил олгох болон мэргэшүүлэх давтан сургалтад 12 мянган 000 иргэн хамрагдаж, тэдгээрийн 40 хувь нь ажлын байраар хангагдсан аж.

 

Өнөөдрийн өдөрлөгт дээрх сургалтад хамрагдсан иргэд сурсан, мэдсэнээ олон нийтэд дэлгэн үзүүлж, сонирхсон иргэдэд худалдан борлуулж байна. Өдөрлөг өнөөдөр 16.00 цаг хүртэл үргэлжилнэ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин