Хүүхдийн спортын их наадам өндөрлөлөө
2015-09-21

Монголын хүүхдийн спортын V их наадам энэ сарын 12-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд нээлтээ хийж, хаалтын арга хэмжээг Чингисийн талбайд зохион байгуулсан юм.

 

Хаалтын арга хэмжээнд Эрүүл мэнд, спортын дэд сайд, наадмыг зохион байгуулах хорооны дарга Т.Болдбаатар, БСШУ-ны сайд Л.Гантөмөр ЭМСЯ-ны харьяа Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн захирал П.Бат-Эрдэнэ, аймаг, дүүргийн Засаг дарга, Биеийн тамир, спортын төвийн дарга, удирдлагууд болон өсвөрийн шилдэг тамирчид бусад албаны хүмүүс оролцсон.

 

Бүтэн найман өдрийн турш Улаанбаатар хотыг спортоор амьсгалуулж, ялалтын цуурай, хөгжөөн дэмжигчдийн уухайн түрлэг дор ялалт ялагдлыг дэнслэн агшин бүрт хүн бүхнийг догдлуулсан гайхамшигт өдрүүд ийнхүү өндөрлөсөн юм.

 

Их наадмын анхан шатанд спортын 42 төрөлд 100 мянга гаруй өсвөрийн тамирчид хамрагдсанаас 17 спортын төрөлд 1876 өсвөрийн тамирчид эрхээ авч 147 багц медалийн төлөө өрсөлдөн аваргуудаа шалгарууллаа. Багийн дүнгээр Баянзүрх дүүрэг 21 алт, 19 мөнгө, 20 хүрэл нийт 60 медальтайгаар тэргүүн байр, Сүхбаатар дүүрэг 17 алт, 15 мөнгө, 23 хүрэл нийт 55 медалиар хоёрдугаар байр, Орхон аймаг 17 алт, 8 мөнгө, 14 хүрэл медальтайгаар гуравдугаар байранд тус тус шалгарсан юм.

 

Энэ удаагийн наадамд 190 дасгалжуулагч, 250 шүүгч, 230 сайн дурын ажилтан болон албаны төлөөлөгчид оролцсон бөгөөд наадмын нээлт, хаалт, тэмцээн уралдааныг МҮОНТ, NTV, Star TV, TM телевизүүдээр орон даяар шууд дамжуулсан байна. Ерөнхий ивээн тэтгэгчээр АПУ ХК, хамтран ажиллагчаар Хасу мегаватт ХХК, Дашваанжил ХХК, Титэм дизайн ХХК, Эмпати ХХК, Лидер спортинг Монголиа ХХК зэрэг үндэсний компаниуд наадмын ивээн тэтгэгчээр ажиллажээ.

 

Энэ үеэр Эрүүл мэнд, спортын дэд сайд Наадмыг зохион байгуулах хорооны дарга Т.Болдбаатар хийж хэлсэн үгэндээ “Их наадамд Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүргээс тамирчид оролцож, оролцогч байгууллага бүр медалийн эзэд болсон нь цаашид манай орны хүүхэд залуучуудыг их спортоор хичээллэх идэвхи сонирхлыг өрнүүлэх, ирээдүйн замыг чиглүүлж өгөхөд ихээхэн түлхэц боллоо хэмээн дүгнэж байна. Их наадмын Зохион байгуулах хорооны зүгээс энэхүү наадмыг олон улсын жишигт нийцүүлэхийн төлөө хичээн ажиллалаа.

 

Анх удаа галт бамбарыг буухиагаар их наадмын галыг асааж, эрх олгох тэмцээнийг зохион байгуулж, тэмцээнүүдийг эх орон даяар найман өдрийн турш шууд дамжуулж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн дунд паралимп, дифлимп, тусгай олимпийн төрлөөр тэмцээнүүдийг зохион байгуулсан онцлогтой байлаа” гэв.

 

 

Ингээд наадмын турш бадамлан ассан галт бамбараа жаргааж, Зохион байгуулах хорооны дарга Т.Болдбаатарт шилдэг өсвөрийн тамирчид маань наадмынхаа тугийг гардуулан өгснөөр Монголын Хүүхдийн спортын V их наадам өндөрлөсөн юм.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин