Зэсийн баяжмал хайлуулах үйлдвэр барихад хамтарна
2015-09-21

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат БНХАУ-ын Худалдааны Дэд сайд Гао Яньтай–тай Бээжин хотноо уулзалт хийжээ. Талууд “Монгол-Хятадын үйлдвэрлэгч, худалдаалагчдын экспо” үзэсгэлэн яармагийг ирэх  сарын 23-27-ны өдрүүдэд ӨМӨЗО-ны Хөх хотод хамтран зохион байгуулахаар товлосон байна.

 

Үзэсгэлэн яармагт Хятадын талаас 49.000 м2 талбай, 70 сая юанийн санхүүжилт гаргаж, хоёр улсын үйлдвэрлэгч, худалдааны компанийн  10 мянга  гаруй төлөөлөгчийг  оролцуулахаар төлөвлөжээ. Цаашид үзэсгэлэн яармагийг  хоёр жилд нэг удаа талууд  ээлжлэн зохион байгуулахаар болсон байна.

 

Үзэсгэлэн яармагт хоёр талын  төлөөллийг өргөнөөр оролцуулах, зохион байгуулалтыг орон нутгийн төрийн захиргааны байгууллагууд болон худалдааны танхимуудаар дамжуулан хэрэгжүүлэх, Монгол Улсын Аж үйлдвэрийн яам, БНХАУ-ын Худалдааны яам ерөнхий зохион байгуулагч байхаар санамж бичиг байгуулахаар тохиролцож санал солилцов. 

 

Энэхүү экспог тогтмол зохион байгуулснаар Монгол Улсын  үйлдвэрлэгчид  бүтээгдэхүүн, үйлчилгээгээ Хятадын зах зээлд гаргах өргөн боломж нээгдэх аж. Үүнээс гадна талууд гурван улсын эдийн засгийн коридор байгуулах ажлын хүрээнд Монгол Улсад зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэр байгуулах талаар хэлэлцсэн байна.

 

Мөн БНХАУ-тай хил залгаа аймгуудад мах боловсруулах үйлдвэрүүд байгуулахад хамтран ажиллах, хөрөнгө оруулалт хийх, боловсруулсан бүтээгдэхүүнээ БНХАУ-д экспортлоход дэмжлэг үзүүлж ажиллах талаар хэлэлцэв.

 

Түүнчлэн хил дамнасан эдийн засгийн чөлөөт бүс байгуулах ажлын эрчимжүүлэхээр хоёр талын ажлын хэсгийг ажиллуулах, тулгамдаж буй асуудлуудыг ажлын хэсгүүдийн хурлаар шийдвэрлэх талаар ярилцсан байна.

 

Аж үйлдвэрийн сайд Улаанбаатар хотод ирэх аравдугаар сарын 15-нд болох “Монголд үйлдвэрлэв” аж үйлдвэрийн форумд БНХАУ-ын төрийн байгууллага болон компаниудын төлөөллийг оролцуулахыг урьж, энэ уулзалтаар олон асуудалд хоёр тал нэг ойлголцолд хүрэх боломжтой гэжээ.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
irgen:
BARIAD DUUSSANII DARAA MEDEELDEG BOLOOSOI
2015-09-21
Зочин:
Одооч юуйч ярьж хэлсэн хумуус унэмшихээ байсан байна
2015-09-21