Порошенко “НАТО”-д элсэхийг яарав

“НАТО”-ийн ерөнхий нарийн бичгийн дарга, Норвегийн Ерөнхий сайд асан Йенс Столтенберг Украины нийслэл Киев хотноо айлчилж байна. Тэрбээр өчигдөр Киев хотноо ирсэн бөгөөд өнөөдөр айлчлал нь өндөрлөх юм. Столтенберг өчигдөр тус улсын Ерөнхийлөгч Петр Порошенкотой уулзаж, сөргөлдөөний бүс буюу зүүн хязгаарыг чөлөөлөх ажиллагаанд оролцсон армийн бие бүрэлдэхүүний төлөөлөлтэй уулзсан тухай “TASS” агентлаг мэдээллээ. Дээрх уулзалтын дараа удирдлагууд хамтарсан хэвлэлийн хурал хийжээ.
Энэ үеэр Порошенко “Украин, “НАТО”-д элсэхэд бэлэн. Бид та бүхний нэг хэсэг болохын тулд их хөдөлмөрлөж байна. “НАТО”-ийн шаардлагыг Украин 99 хувь биелүүлсэн” гэж хэлээд “Ноён Йенс Столтенберг бидний саналыг дэмжиж байна уу” гэж асуухад “НАТО”-ийн тэргүүн “Ойрын хугацаанд “НАТО”, Украиныг хүлээн авах боломжгүй. Украин энэ асуудалд гол анхаарлаа хандуулж, сайтар бэлдэх хэрэгтэй” гэж хариу мэдэгджээ. Энэхүү мэдэгдлийг сонссон Порошенко “Бид бэлэн. Хүлээх шаардлага байхгүй” гэсэн байна.
Порошенко сонгуульд ялалт байгуулсаны дараа “2016 онд Украин “НАТО”-д элсэж, 2020 онд Европын холбоонд нэгдэх болно” гэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ