Засгийн газрын хуралдаан боллоо
2015-09-22

 

Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулна

 

Төмөр замын тээврийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг хэлэлцэн дэмжээд, хуулийн төслийг боловсруулж, ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Зам, тээврийн сайд М.Зоригтод даалгалаа.

 

Төмөр замын тээврийн салбарт дан ганц аж ахуйн нэгж төрийн чиг үүргийг аж ахуйн үйл ажиллагаатай хамтад нь 70 жил эрхлэн явуулж иржээ. 2007 онд Төмөр замын тээврийн тухай хууль батлагдсанаар энэ салбарт өмчийн төрөл, хэлбэр харгалзахгүйгээр үйл ажиллагаа эрхлэх боломжийг бий болгож, төр, аж ахуйн чиг үүргийг зааглан, эрх зүйн орчныг сайжруулсан юм.

 

Төмөр зам шинээр барих, олон улсын сүлжээнд холбогдох ачаа, тээврийн ложисткийн цогц үйлчилгээг нэвтрүүлэх зэрэг улсын эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдолтой хэд хэдэн төслийг төмөр замын тээврийн салбарт хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн түншлэлийг бататгасан эрх зүйн шинэ зохицуулалт бүхий бизнесийн таатай орчин, бусад тээврийн төрөлтэй уялдсан, оновчтой тээврийн систем үгүйлэгдэж байна. Төмөр замын салбарын шинэтгэлийн хүрээнд эрдэм шинжилгээний судалгаа, туршилт хийх, хууль тогтоомж, дүрэм журам, стандарт, нормативын баримт бичгийг шинээр болон шинэчлэн боловсруулах, тэдгээрийг мөрдөж хэрэгжүүлэхэд хөрөнгийн эх үүсвэр шаардагддаг тул уг асуудлыг хуульчлан зохицуулах зэрэг шаардлагууд төслийг боловсруулах үндэслэл  болж байна.

 

Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

 

 Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон  дагалдаж гарах холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. 

 

Боловсролын салбарын болон сургалтын байгууллагын удирдлага, засаглалын шинэ зарчмыг хэрэгжүүлэх замаар чанарын баталгаажилтын тогтолцоог нэвтрүүлэх, олон улсын хөгжлийн чиг хандлагад нийцүүлэх зорилгоор хуулиудын төсөлд дээд боловсролыг улс төрийн нөлөөллөөс ангид байлгаж, удирдлага, зохион байгуулалт, менежментийг олон нийтийн оролцоонд суурилсан, хараат бус байхаар зохицуулалт оруулжээ.

 

Дээд боловсролын сургалтын байгууллагуудыг төрийн өмчийн, ашгийн төлөө бус хувийн, ашгийн төлөө сургуулиуд гэсэн статусаар ангилж, тус бүрийн удирдлага, засаглалын зарчмыг тодорхой болгон томъёолсон байна. Боловсролын тухай хуулиар боловсролын сургалтын байгууллагын өөрийн удирдлагын эрх хэмжээ, чиг үүргийг өргөжүүлж, сургууль, цэцэрлэгийн зөвлөл нь тухайн сургалтын байгууллагын түвшинд мөрдөх хөгжлийн бодлого, дүрэм, журам боловсруулах болон төсөв, хөрөнгө оруулалтын төлөвлөлтөд оролцох, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, төсвийн зарцуулалтад хяналт тавих, зөвлөл үйл ажиллагаагаа багш, ажилтан, олон нийтэд тайлагнадаг байх зохицуулалт хийжээ. Боловсролын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх хууль, эрх зүйн орчныг бий болгож, хуулийн зохицуулалтгүй орхигдсон зарим харилцааг төсөлд тусгасан байна.

 

Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалын төслийг хэлэлцлээ

 

Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалын төслийг хэлэлцэн дэмжээд, үзэл баримтлалын төслийг батлахыг Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр нарт даалгалаа.

 

Шинэчилсэн найруулгын төсөлд бүх нийтийн соёл, урлагийн боловсролыг дэмжих, соёл урлагийн үйлчилгээг хангах, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх эрх зүйн зохицуулалтыг бий болгох зохицуулалтыг тусгана. Эдгээр зохицуулалтыг тусгаж хуулийн төсөл батлагдсанаар Соёлын тухай хуулийн эрх зүйн зохицуулалт боловсронгуй болж, соёлын байгууллага, ажилтан, албан хаагчдын өмнө тулгамдаж байгаа асуудлууд шийдэгдэнэ гэж үзэж байна.  

 

Эрүүл мэнд, спортын салбарын ажлын хэрэгжилт 73 хувьтай байна

 

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт эрүүл мэнд, спортын чиглэлээр туссан зорилтын хэрэгжилт, тус салбарт хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн талаар Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба танилцууллаа.

 

Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд хууль, эрх зүйн шинэчлэл хийх ажлыг зохион байгуулан Эмнэлгийн тусламжийн тухай хууль, Эрүүл ахуйн тухай хууль, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Биеийн тамир, спортын тухай хуулийн үзэл баримтлалын төслийг боловсруулжээ.

 

Эрүүл мэндийн салбарын бүртгэл, мэдээлэл, эмчилгээ, үйлчилгээний чанарыг сайжруулах технологийн шинэчлэл хийх  зорилтын хүрээнд БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжих “Цахим эрүүл мэнд” санхүүжилтийн гэрээ хийгдэж, үйл ажиллагаагаа энэ сарын сүүлээр эхлүүлж, туршилтын суурилуулалтыг 2 эмнэлэгт хийхэд бэлэн болжээ.

 

Эмийн үнийн өсөлт, зохистой хэрэглээг төлөвшүүлэх зорилгоор 2016 оноос эмийн худалдааг ерөнхий худалдан авалтын хэлбэрээр явуулахаар бэлтгэл ажлыг хийж, Худалдан авах ажиллагааны газартай хамтран ажиллаж байна.

 

2015 оны 9 дүгээр сарын 15-ны байдлаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан эрүүл мэнд, спортын салбарын ажлын хэрэгжилт 73 хувьтай байна гэж танилцууллаа.

 

Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулна

 

“Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцээд Хууль зүйн сайдтай хамтран баталж, бодлогын баримт бичгийн төслийг эцэслэн боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтод даалгалаа.

 

Тус бодлого-д Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбоо, технологийн хөгжлийн алсын хараа, эрхэм зорилго, баримтлах зарчмыг тусган төрөөс баримтлах аливаа бодлогын баримт бичгийн утга санааг илэрхийлэхийн зэрэгцээ “Мэдээлэл, харилцаа холбооны технологийг Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн XXI зууны үндсэн хурдасгуур гэж үзнэ” гэсэн цогц бодлогын зорилттой уялдуулан тодорхойлжээ. “Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого” нь манай улсын гишүүнчлэл бүхий Олон улсын мэдээлэл, харилцаа холбооны чиглэлийн байгууллагуудаас дэвшүүлсэн зорилт, гаргасан зөвлөмжид нийцэж байгаа юм. Энэхүү бодлогыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Мэдээллийн аюулгүй байдлын, Өгөгдөл хамгааллын, Өргөн нэвтрүүлгийн, Цахим засгийн холбогдолтой хуулиудыг шинээр боловсруулж, батлуулах, Харилцаа холбооны тухай, Шуудангийн тухай, Радио долгионы тухай зэрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай болно.

 

Аглагийн хийд хүртэл хатуу хучилттай авто зам барина

 

“Аглагийн хийд хүртлэх 6,2 км хатуу хучилттай авто зам төсөл”-ийн концессийн гэрээг “Хансуун зам” ХХК-тай байгуулах эрхийг Хөрөнгө оруулалтын газарт олгож, гэрээ байгуулах ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу удирдан зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгалаа.

 

“Аглагийн хийд хүртлэх 6,2 км хатуу хучилттай авто зам төсөл”-ийн барилгын ажлыг концесс эзэмшигч энэ оны 12 дугаар сарын 15-ны дотор багтаан хийж, төсөлд оруулсан хөрөнгө оруулалтаа 2016 оны Улсын төсвөөс нөхөж авахаар гэрээний төсөлд тусгажээ.  

 

Барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолбор байгуулна

 

Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд батлан хамгаалах чиглэлээр тусгагдсан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолбор байгуулах зорилгоор АНУ-ын ЭКСИМ банкнаас Батлан хамгаалах яамны харьяа “Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл” төрийн өмчит үйлдвэрийн газарт авах 9,7 сая ам.долларын зээлийн 85 хувьд баталгаа гаргахыг Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрлөө.

 

Барилгын хөдөлгөөнт цогцолборын тоног төхөөрөмж худалдан авахад шаардагдах хөрөнгийн үлдэгдэл 15 хувийг 2016 оны улсын төсөвт тусган санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Сангийн сайд Б.Болорт даалгалаа.

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн АНУ-д хийсэн айлчлалын явцад MIC industries корпорацийн төлөөлөгч уулзаж бүтээгдэхүүнээ санал болгосны дагуу Батлан хамгаалах яаманд барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолборыг худалдан авах талаар судлан үзэх үүрэг, чиглэл өгсөн юм. Зэвсэгт хүчний Жанжин штабын цэргийн хангалт үйлчилгээний газраас гаргасан тооцоогоор өнөөгийн зах зээлийн ханшаар 48х24 метрийн хэмжээтэй барилгыг тоосгоор барихад 1.3 тэрбум зарцуулагдаж байгаа бол хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолборын тоног төхөөрөмжөөр ийм хэмжээний барилга барихад 300 сая төгрөг зарцуулах тооцоо гарсан байна. Уг хөдөлгөөнт цогцолбор нь 1000 ам.метр талбайтай барилгыг нэг өдөрт гүйцэтгэх хүчин чадалтай юм.

 

Товч мэдээ

 

-  Гадаад хэргийн сайдын 2015 оны 9 дүгээр сарын 10-11-нд ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын дүнгийн тухай Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

-  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2015 оны 9 дүгээр сарын 2-3-нд БНХАУ-д болсон 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн арга хэмжээнд оролцсон дүнг  Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн танилцууллаа.

-  2015 оны 9 дүгээр сарын 28-30-нд Вьентьян хотод зохион байгуулах Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Лаосын Засгийн газар хоорондын комиссийн XX хуралдаанд оролцох Монголын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг зөвшөөрлөө.

-  Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 2016 оны 9 дүгээр сарын 9-11-нд БНХАУ-ын Далянь хотод болсон Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын Шинэ манлайлагчдын IX уулзалтад оролцсон дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.   

Shuud.mn
Сонин хачин
Bat:
End durdsan Aglagiin hiid gedeg ni chuham haana baidgiig medehgui yum. Tiimees ene medee hend ch hereggui bichver bolj dee. Ene hiid erhbish Mongold l baidag baih daa.
2015-09-22
M.Зоригт:
М.Зоригт Хансуун зам ХХК-ний гэрээг очигдор цуцлаад, тусгай зовшоорлийг нь хураасан гэж онгироод орилоод байсан, оноодор уурэг аваад сууж байх шив дээ. Чи ч дээ ямар адын чотгор вэ?
2015-09-22