Энэтхэгийн “www.india.com” сайтад “Үхлээ хүлээдэг зочид буудал” гэх сонирхолтой мэдээлэл нийтлэгджээ.
“Mukti Bhavan” гэх зочид буудал Энэтхэгт үйл ажиллагаагаа явуулдаг юм байна. Энэхүү зочид буудал үнэ төлбөргүй бөгөөд бүх насныхан үйлчлүүлэх боломжтой аж. Гэхдээ энэ зочид буудал үхлээ хүлээдэг газар болохоос амиа хорлохоор ирдэг газар биш хэмээн буудлын эзэн мэдэгджээ. Мөн санаатай аллага үйлддэг газар ч биш юм.
Өндөр настнуудыг хүлээн авдаг ч асрамжийн газар, олон улсын хүмүүнлэгийн байгууллага биш. Зүгээр л үхлээ хүлээх зуураа өнгөрсөн амьдралаа эргэн дурсахад зориулагдсан төв гэнэ.
Тус буудал хүнд өвчин туссан, хорт хавдар нь эцсийн шатандаа орсон, асран хамгаалах хүнгүй хүнд өвчтэй өндөр настай хүмүүсийг хүлээн авах сонирхол илүү байдаг аж. Таны сүнс биенээс гарч диваажин, там хоёрын нэгэнд очсны дараа эх дэлхийд үлдсэн цогцсыг тус буудлын ажилчид шатаадаг уламжлалтай юм байна.
Зочид буудалд 12 хоногоос илүү хугацаанд амьдрах боломжгүй гэнэ. Нэг үгээр хэлбэл, 10 гаруй хоногийн дотор нас барах нь баталгаатай болсон иргэдийг хүлээн авдаг аж. Зочид буудал гэхээр олон нийт харш мэтээр ойлгож магадгүй юм. Харин тус буудал өмнө нь нэгэн сүм байсан бөгөөд нэг өрөөндөө 12 ортой, ойролцоогоор 12 өрөөтэй.
Бурхны хүсэлтээр хорвоогоос явсан хүнийг сүүлчийн замд нь үдсэний дараа дараагийн үйлчлүүлэгчийг хүлээн авч, үхэлд нь бэлдэх журмаар тус буудлын үйл ажиллагаа явагддаг байна. Энэ бүхэн утгагүй сонсогдож магадгүй ч үнэхээр Энэтхэгт үхлээ хүлээдэг буудал үйл ажиллагаа явуулаад 10 гаруй жилийн нүүрийг үзжээ. Иргэд тус буудлаар үйлчлүүлэхийн тулд өдөржингөө дуугарлаж зогсохоос гадна гадаа нь хонодог байна. Мөн олон иргэн тус буудлын гадна амиа алддаг аж.
Тус буудалтай холбоотой нэгэн яриа байдаг. Буудлын орон дээр амьсгал хураасан хүн дараа төрөлдөө баян тансаг амьдралтай учрахаас гадна буцаад хүн болж төрдөг гэнэ. Тиймээс хүнд өвчтэй, эмчлэх боломжгүй нь тодорхой болсон хүмүүс тус буудал руу олноор ирцгээдэг байна.
Б.Дэлгэрцэцэг