Си Зиньпин бизнес эрхлэгчидтэй уулзав
2015-09-23

БНХАУ-ын дарга Си Зиньпинийн АНУ дахь айлчлал албан ёсоор эхэллээ. Тэрбээр энэ сарын 22-28-ны өдрүүдэд тус улсад айлчлах юм. Долоо хоногийн хугацаатай айлчлалаар олон асуудал хэлэлцэхээр төлөвлөж байгаа хэмээн Цагаан ордны хэвлэлийн албанаас уламжилсан. Си дарга америкт ирсэн даруйдаа “Microsoft”, “Starbucks”, “Amazon.com” болон “Boeing” зэрэг үйлдвэр эрхлэгчдийн эх нутаг гэгддэг баруун эрэгт очиж, бизнес эрхлэгчидтэй уулзсан тухай “www.voanews.com” мэдээллээ. Энэхүү айлчлал бизнес эрхлэгчдэд ээлтэй айлчлал болохыг дээрх үйл явдлаас харах боломжтой хэмээн Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жей Карней сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

 

Уулзалтын эхэнд Си Зиньпин “Amazon.com”, “Boeing” компанийн удирдлагуудтай уулзаж, үйлдвэртэй нь танилцжээ. “Boeing” компанийн тэргүүн Жим Макнери “Си даргад үйлдвэр болон ажиллах хүчээ танилцуулж буйдаа баяртай байна. Манай компани Хятад улстай бизнесээ өргөжүүлэх боломжийг хайж байна. Энэ айлчлал өгөөжөө өгч, бидэнд боломж олгоно гэдэгт итгэлтэй байна” гэж хэлжээ.

 

Си дарга айчлалынхаа үеэр фэйсбүүк, твиттер, инстаграм зэрэг олон нийтийн сүлжээний эрхмүүдтэй уулзах юм. Хятадад дээрх нийгмийн сүлжээг ашиглах боломжгүй байдаг ба тус улсын цагдаа нар цахим ертөнцөд байнга хяналт тавьдаг. Фэйсбүүкийн удирдлагууд хятадад үйл ажиллагаагаа явуулах асуудлаар Си даргатай дугуй ширээний уулзалт зохион байгуулах хүсэлт гаргажээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин