Сирид 1.1 тэрбумын тусламж үзүүлнэ
2015-09-24

 

Европын холбооны удирдагчид Брюссель хотноо шуурхай чуулж Сирийн иргэний дайн болон дүрвэгсдийн асуудлаар ярилцсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Тэд дүрвэгсдийн асуудлаас илүү Сирийн хямралыг шийдвэрлэхэд гол анхаарлаа хандуулсан байна. Европын холбоо Сирийн иргэдэд туслахаар тохиролцож, НҮБ-ын дэргэдэх Дүрвэгсэд хариуцсан агентлагт 1.1 тэрбум ам.доллар хандивлахаар болжээ.  Энэхүү тусламжаар Сири улсаас дүрвэж, Европын орнуудад цагаачлахаар ирж буй тус улсын иргэдийн амьдралыг дээшлүүлэхэд зарцуулахаар болсон байна. Иргэний дайн, тероррист халдлагаас болж Сири улсыг хамгийн багадаа хоёр сая иргэн орхин гарсан бол зөвхөн дайны уршгаар 250 мянган хүн амиа алджээ.

 

Уулзалтын төгсгөлд удирдагчид дүрвэгсдийг хүлээн авах асуудлаар ярилцаж, Европын холбооны гишүүн орнууд хамгийн багадаа 120 мянган дүрвэгсэд хүлээн авах ёстой хэмээн мэдэгдэж, “Энэ тоог багасгахгүй, нэмэгдүүлэхгүй” хэмээн Европын холбооны  Ерөнхийлөгч Дональд Тус мэдэгджээ.

 

Харин Словак, Грек, Австрийн удирдлагууд 120 мянган дүрвэгсэд хүлээн авах боломжгүй хэмээн мэдэгдэж, “Олон тооны дүрвэгсэд хил нэвтрүүлэх нь үндэсний аюулгүй байдалд ч сөргөөр нөлөөлөх болно” гэжээ.

 

Европын холбооны Комиссын Ерөнхийлөгч Жан-Клод Юнкер “Бид дүрвэгдэд туслах хэрэгтэй. Өнөөдрийн уулзалт ширүүхэн болсон ч бид тохиролцоонд хүрч, сиричүүдэд туслахаар боллоо” гэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

 

 

Shuud.mn
Сонин хачин