Хил дамнасан чөлөөт бүс анхаарал татаж байна
2015-09-24

Энэ удаагийн “Сайдын цаг”-аар Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат оролцож, салбарынхаа үйл ажиллагаа болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр:

 

-Зүүн бүсэд 300 мянган тоннын хүчин чадалтай Нефть боловсруулах үйлдвэрийн сонгон шалгаруулалт дууссан. Энэ шалгаруулалтад 14 компани оролцож, нефть боловсруулах үйлдвэр байгуулах санал ирүүлсэн. Энэ ондоо багтаан гүйцэтгэх  гол ажил нь  Нефть боловсруулах үйлдвэрийнхээ урьдчилсан ТЭЗҮ, сонгон шалгаруулалтыг хийж дуусгаад он гарангуут нефть боловсруулах үйлдвэрийг барих хөрөнгө оруулагчийн сонгон шалгаруулалт руу шилжих бололцоо үүсч байгаа. Энийг хийхийн тулд хамгийн гол нь хоёр хөрштэйгээ ойлголцох, Торгоны замд нэгдэн орох, эдийн засгийн коридорын хөтөлбөрт энэ асуудлаа суулгаж хамтын ажиллагаагаар барьж байгуулах асуудал үүснэ.

 

Зэс хайлуулах цэвэршүүлэх үйлдвэр Монголд зайлшгүй хэрэгтэй. Засгийн газрын хуралдаанаас Бор-Өндөрт барьж байгуулах шийдвэр гарсан. Өнөөдөр зэс хайлуулах үйлдвэрийн төслийн нэгж байгуулагдаад ажиллагаандаа ороод явж байна. Бүх газраас санал аваад судалгаагаа хийж байгаад урьдчилсан ТЭЗҮ-ээ гаргачихвал он гарангуут зэс байгуулах үйлдвэрийн оролцогчийг шалгаруулаад энэ ажлыг эхлүүлэх боломжтой болно гэлээ.

 

Герман технологийг Монголд нутагшуулна

 

Аравдугаар сард Монгол-Германы хамтарсан ажлын хэсгийн хуралдаан хийхээр төлөвлөжээ. Германы талаас хувийн хэвшлийг Монголын боловсруулах үйлдвэрлэлийн чиглэл рүү хандуулж, Германы тоног төхөөрөмжийг Монголд нутагшуулах, Германы хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх боломжийг хамтарсан хэлбэрээр хэрэгжүүлэхээр  ярилцжээ. Ирэх сард эцэслэн шийдвэр гаргах аж. Нүүрснээс шингэн түлш гаргах тухай төслийн санхүүгийн асуудлыг шийдвэрлэхэд нухацтай хандаж, хамтын шийдэлд хүрэх гэнэ.

 

Цагаан суваргын ордыг үндэсний компани хэрэгжүүлэх боломжийг олгоё гэдэг Засгийн газрын байр суурь байгаа. Энэ дээр Германы технологийг оруулж ирж, Европт зэсийн баяжмал экпортлох боломжийг эрэлхийлжээ. 

 

10 сая арьс боловсруулах хүчин чадалтай үйлдвэртэй болсон

 

Арьс ширний үйлдвэрлэлийг дэмжихэд зориулж 2013 онд хөнгөлөлттэй зээл олгосон нь эдүгээ үр дүнгээ өгчээ. Монгол Улс 10 сая ширхэг арьс боловсруулах хүчин чадалтай үйлдвэртэй болсон.

 

2016 онд хөрөнгийг нь шийдчихвэл хамгийн орчин үеийн цэвэрлэх байгууламжтай болох бололцоотой гэнэ. Адууны арьс ширийг экспортод түүхийгээр нь гаргах асуудлаар 5-6 компани ханддаг байна. Манайд арьс ширний үйлдвэр 1.5 сая ширхэг адууны арьс боловсруулах хүчин чадал аж. Харин жилдээ 250 мянган ширхэг адууны шир бэлтгэгддэг гэнэ. Адууны шир нь сайн стандартын шир байдаг учраас экспортод гаргахад зах зээл нь нээлттэй байдаг аж. Адууны ширний урьд нь явж байсан арга нь хятад ченжийн гараар гардаг судалгаа гарчээ. Нийтдээ 160 мянган ширхэг адууны шир ялзарч байна гэдэг асуудал үүссэн. Тиймээс Эмээлт болон бусад газарт өөрсдийнхөө шалгалтыг хийсэн байна.

 

Концессоор таван тэрбум ам.долларын төсөл хэрэгжиж байна

 

Концессийн хөрөнгө оруулалтын асуудал салбарын сайдын мэдлийн хүрээнд хэрэгжиж байгаа аж. Засгийн газрын тогтоолоор концессоор нийт 77 төсөл шийдвэр гарсны 15 нь хүчин төгөлдөр гэрээтэй аж. Энэ нь нийт 5 тэрбум ам.долларын төсөл гэнэ. Үүнээс Багануурын ТЭЦ, ТЭЦ-V, Эрдэнэт-Овоотын төмөр замын зэрэг төсөл багтжээ. Нийт 250 сая ам.долларын автозамын төсөл хэрэгжиж байгаа гэнэ. Үүний дийлэнх нь аймгуудыг автозамаар холбох төсөл юм. Зөвхөн баруун бүсийг автозамаар холбох 4 концессийн төсөл хэрэгжиж  байна.

 

-Баруун бүсийг автозамаар холбох нь стратегийн ач холбогдолтой. “Торгоны зам” ярьж байгаа энэ үед баруун бүсийг босоо болон хэвтээ тэнхлэгийн автозамаар холбох нь гурван улсын хооронд хамгийн дөт бөгөөд эдийн засгийн үр ашигтай. 2017 он гэхэд концессоор хийгдэж байгаа замын ажил дуусна. Эдийн засаг хүндрэлтэй үед концессийн гэрээгээр төсөл хэрэгжиж байгаа нь хамгийн үр дүнтэй. Өнөөдөр Монголд хоёр зүйл явахгүй байгаа. Нэг нь уул уурхайн хөрөнгө оруулалт. Дэлхийн хэмжээнд ашигт малтмалын үнэ унасан үед хэн манайд хөрөнгө оруулахаар оруулж ирэх билээ.

 

Одоо Өрийн удирдлагын хуулийг зайлшгүй шинэчлэх шаардлагатай. Одоо концессийн гэрээгээр хэрэгжиж байгаа ажлууд 5-6 жилийн үйлчлэлтэйгээр эргэн төлөлтөөр хийхээр  тусгасан. Гэтэл Өрийн тухай хуулиар тухайн гэрээний нийт дүн жилийн дотор тухайн оны өр болж бичигдэж байгаа нь буруу. Үүнийг он ондоо эргэн төлөгдөх нөхцөлөөр үйлчлэлийг зааж өгөх хэрэгтэй. Концессийн ажиллагаанд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн өрийн дээд хэмжээний заалт асуудал дагуулж байна. Олон жилийн хугацаатай үе шаттай хэрэгжихээр концесст заасан. Гэтэл том хэмжээний хөрөнгө оруулалт эдийн засаг шаардаж, тэлжээ. Энэ тэлэлтийг агшаах шаардлага бидэнд байхгүй. Тиймээс өрийн таазын асуудлыг эргэж харах шаардлагатай болсон гэлээ.

 

“Монголд үйлдвэрлэв” форум зохиогдоно

 

“Монголд үйлдвэрлэв” нэртэй аж үйлдвэрийн форумыг ирэх сард зохион байгуулах юм байна. Энэ форумд үндэсний үйлдвэрлэгчид, гадны төлөөлөл оролцох аж. Уг форумаар Монголын аж үйлдвэрийн бодлого, цаашдын зорилго, өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцахаар төлөвлөжээ. Монголд юу үйлдвэрлэж болох вэ гэдэг дээр гадаадынхан аажмаар анхаарлаа хандуулж байгааг салбарын сайд онцоллоо. Мөн “Монгол-Хятадын анхдугаар экспо” Хөх хотод 10 дугаар сарын 16-27-ны өдрүүдэд болох юм байна. Энэ нь “Талын зам”, “Торгоны зам”, эдийн засгийн коридорын хүрээнд зохион байгуулагдаж байгаа аж. Үүний зардлыг Хятадын Засгийн газар дааж байгаа гэнэ.

 

Аж үйлдвэрийн салбараас намрын чуулганаар хэд хэдэн хуулийн төсөл оруулж хэлэлцүүлэхээр төлөвлөжээ. Худалдааны тухай, ЖДҮ-ийн тухай, Үйлдвэр, технологийн тухай, Концессийн тухай, Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай зэрэг хуулийн төсөлд өөрчлөлт оруулж хэлэлцүүлэхээр төлөвлөжээ. Мөн Мэргэжлийн холбоодын тухай хуулийн төслийг өргөн барьж хэлэлцүүлэх аж.

 

350 нэр төрлийн барааг өөрчлөх эрхийг УИХ Засгийн газарт шилжүүлсэн. Импортын татварын хуулиар дөрвөн нэр төрлийн бараанд өөрчлөлт оруулаад байгаа юм. Бүх төрлийн мах, махан бүтээгдэхүүн, нөөшилсөн мах, зайдсанд 20 хувийн татвар тавьжээ. Мөн цемент, зөгийн бал болон үйлдвэрлэснээсээ хойш нэг жилийн насжилттай шинэ тролейбус оруулж ирэхэд татвар тавьсан байна. Ирэх хавраас зарим нэг хүнсний ногоонд татвар тавихаар төлөвлөжээ.

 

Цалингийн зохицуулалтыг уян хатан болгох хэрэгтэй

 

Аж үйлдвэрийн сайд Ж.Эрдэнэбат мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

 

-Хөдөө аж ахуйн паркийн төслийн шалгаруулалтын дүн гарсан уу?

 

-Хөдөө аж ахуйн паркийн төслийн шалгаруулалт ид дундаа явж байна. Энэ хүрээнд ЖДҮ-ийг бодлогын зээлээр дэмжинэ.

 

-Ерөнхий сайд төсвийн тодотголын хүрээнд төрийн болон улс төрийн өндөр албан тушаалтны цалинг тодорхой хувиар хасах санал гаргасан. Үүнийг дэмжиж байгаа юу?

 

-Эдийн засгийн хүндрэлтэй, төсөв алдагдалтай байгаа. Хамгийн гол нь ажлын байрыг хадгалж үлдэх нь чухал. Энэ нь төсөв төдийгүй хувийн хэвшилд ч хэрэгтэй. Тиймээс цалингийн зохицуулалтыг уян хатан барих хэрэгтэй. Ерөнхий сайдын саналыг дэмжиж байгаа.

 

-Чөлөөт бүс байгуулах хүрээнд Алтанбулаг, Замын-Үүдийн чөлөөт бүсийн ажлын явц ямар байна вэ?

 

-Чөлөөт бүсийн хууль батлагдсанаас хойш Замын-Үүдийн чөлөөт бүс эрчимтэй явж байгаа. Замын-Үүдийн чөлөөт бүсэд 18 компанийн төсөл шалгарсан. Төслийн шалгаруулалт эцсийн шатандаа сонгогдоод явж байна. Түүнээс гадна БНХАУ-аас энэ бүсэд тодорхой хэмжээний газрыг авч үйлдвэр байгуулах санал ирсэн байгаа. Бид энэ саналыг дэмжсэн. Хил дамнасан чөлөөт бүсийн асуудал анхаарал татаж байна. Үүнийг Хятадын тал маш эрчимтэй хурдан явуулах хүсэлтийг тавьсан. Бид ажлын хэсгийн түвшинд ярилцаж, Засгийн газарт танилцуулга хийгээд үүрэг өгөгдсөн. Замын-Үүдийн болон хил дамнасан чөлөөт бүсийн асуудал цаашид эрчимтэй үргэлжлэх чиг хандлага руу орсон.

 

Алтанбулагийн чөлөөт бүсэд дэд бүтцийн  асуудлыг эхнээс нь шийдээд концессийн гэрээ рүү орж байна. Хуучин орхигдсон ажлыг гүйцээх чиглэлээр хугацаа алдсан ажил руу орсон. Алтанбулагийн чөлөөт бүс дээр ОХУ, БНХАУ-ыг хооронд нь холбоосыг хийх чиглэлээр явахгүйгээр хөгжих боломжгүй. Саяхан Алтанбулагийн чөлөөт бүсэд БНХАУ-ын компани тодорхой хэмжээний газар хүсч, худалдаа хөгжил, ложистикийн төв байгуулах санал тавьсан. Үүнийг чөлөөт бүсийн хуулиар зохицуулаад шийдвэрээ гаргаад явж байна. Хоёр чөлөөт бүсэд ямар ч улсын хөрөнгө оруулагч нар хөрөнгөө оруулах бүрэн эрхтэй. Тийм учраас гуравдагч орны улс ч хөрөнгө оруулах бололцоотой. Замын-Үүдийн чөлөөт бүсийг хил дамнасан чөлөөт бүс  болговол гуравдагч орны хөрөнгө оруулагч нар орж ирэх бололцоотой.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
erdenebatad:
chamaig baigaa tsagt ene ulsiin uildverlel hezeej hogjihgui zugeer buugaad dald orj uz
2015-09-27
ebe boli2:
ingej bolohguee erunhiilugchuu
2015-09-25
ebe bolii:
ATG-iin neriidleer hun gutgej gujirdehee bolii Elbegdorjoo, jisheen Gansuhiin hereg bn, hoshin shog shig yum bolson, erunhiilugch gdg alban tushaaliig ingej hashdaggu yuma, odoo bolii bolooshdee
2015-09-25
монголчууд:
муу өмхий АН-ын эрлийзүүд Монголын газар дээр хужаануудад үйлдвэр байгуулахыг зөвшөөрсөн гэнэ үү.бас Дорнод аймагын ихэнх газар нутгыг хужаа солонгосуудад өгсөн гээд байсан үнэн бол хулгайчуудыг бүгдийг алнаа.
2015-09-24