Амбан захирагч бараалхав
2015-09-24

 

 Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенкогийн урилгаар ОХУ-д албан ёсны айлчлал хийж буй бөгөөд өнөөдөр УИХ-ын даргад Свердловск мужийн амбан Захирагч Е.В.Куйвашев бараалхав.

 

 

Свердловск мужийн амбан Захирагч Е.В.Куйвашев уулзалтын эхэнд хэлэхдээ, ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд УИХ-ын дарга та Свердловск мужид айлчилж буйд талархаж байна. Монгол Улс ОХУ-тай уламжлалт найрсаг харилцаатай билээ. Монгол Улстай манай Свердловск муж худалдаа, эдийн засгийн чиглэлээр хамтран ажиллахдаа бэлэн байна. Мөн түүнчлэн боловсрол, соёл, аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллах бүрэн нөөц бололцоо бий. Хуучин ЗХУ-ын үед Монголын мянга мянган оюутан боловсрол эзэмшсэн бөгөөд ОХУ-д тэр дундаа Свердловскт боловсрол эзэмшсэн хүний нэг нь та юм. Иймээс хоёр орны иргэд хоорондын хүмүүнлэгийн харилцаа идэвхтэй явагддаг. Мөн Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллагатай манай мужийн хувьд ч хамтран ажиллах сонирхолтой байна. Хоёр орны худалдаа эдийн засгийн харилцааг дэмжихийн тулд бизнес хоорондын болон аж ахуйн нэгж хоорондын уулзалт, харилцаа холбоо чухал юм. Монгол Улсын “ТЭЦ-4” ДЦС-тай Уралын турбины үйлдвэрийн хамтран хэрэгжүүлсэн төсөл энэ оны 3 дугаар сард амжилттай хэрэгжиж дууслаа. 2014 оны байдлаар хоёр орны худалдааны эргэлт өмнөх үзүүлэлтээс 5 дахин нэмэгдэж, өөрөөр хэлбэл 43 сая ам.долларт хүрлээ. Свердловскийн онгоцны буудал 40 гаруй орны 60 хоттой шууд нислэгтэй байдаг. Иймээс УИХ-ын дарга таны тавьсан саналыг бид судлан үзэж, Улаанбаатар-Свердловскийн шууд нислэгийн асуудлыг нааштайгаар судлан үзэх болно. Мөн танай улсын төлөөлөгчдийг ирэх жилийн 4 дүгээр сард болох аялал жуулчлалын үзэсгэлэнд монголын төлөөлөгчдийг оролцохыг урьж байна хэмээн Свердловск мужийн амбан Захирагч Е.В.Куйвашев хэлсэн юм.

 

 

УИХ-ын дарга З.Энхболд уулзалтын үеэр хэлэхдээ, Монгол Улс ОХУ-ын мужуудтай тэр дундаа Свердловск мужтай уламжлалт найрсаг харьцаагаа олон салбарт үргэлжлүүлж буйд таатай байна хэмээн онцлон тэмдэглэлээ. Тэрээр Монгол Улсын Засгийн газар Свердловск мужтай аж үйлдвэрлэл, эрчим хүч, дэд бүтэц, шинжлэх ухаан болон боловсролын салбарт хамтран ажиллах давуу эрх бүхий хэд хэдэн төсөл хэрэгжүүлэх боломж бий. Мөн Монгол Улс танай мужтай аж үйлдвэрлэлийн салбарыг түлхүү хөгжүүлэх сонирхолтой байна. Өнөөдрийн байдлаар манай улсад үйл ажиллагаа явуулж буй монгол, оросын хамтарсан компаниуд аж үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, технологийг зах зээлийн боломжит үнээр худалдан авах сонирхолтой байдаг. Уралд үйлдвэрлэгдэж буй тоног төхөөрөмж зах зээлд өрсөлдөхүйц чанартай гэдэгт би итгэлтэй байдаг. Мөн танай мужид суралцаж буй оюутан сурагчдын тоог нэмэгдүүлэх, металлургийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх сонирхолтой байна. Бид 2016 оны сүүлээр шинэ нисэх буудал ашиглалтад оруулахаар бэлтгэж байна. Иймээс Улаанбаатар-Екатеринбург чиглэлийн шууд нислэгтэй болох боломж бий.  Ирэх 2016 онд манай хоёр улс дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлнэ. Үүнтэй холбогдуулан ирэх жилийн турш олон арга хэмжээ зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байгаа бөгөөд “Екатеринбург хотын өдрүүд”-ийг Улаанбаатар хотод зохион байгуулах санал дэвшүүлж байна гэж  УИХ-ын дарга З.Энхболд онцлон тэмдэглэв.

 

 

Энэхүү уулзалтад УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин