Өнөөдөр өвлийн цагийн хуваарьт шилжинэ

img

 

Манай улс дэлхийн улс орнуудын жишгээр өнгөрсөн дөрөвдүгээр сард зуны цагийн хуваарьт шилжсэн. Харин өнөөдөр буюу баасан гаригаас бямба гаригт шилжих шөнө цагийн зүүг нэг цагаар ухрааж өвлийн цагийн хуваарьт шилжих гэж байна. Энэ талаар  Стандарт хэмжилзүйн газрын цагийн давтамжийн эталоны лабораторийн техникч Г.Батзаяагаас тодрууллаа.

 

-Өнөө шөнө бүх нийтээрээ өвлийн цагийн хуваарьт шилжинэ. Энэ талаар мэдээлэл өгөөч?

 

-Өнөөдөр буюу баасан гаригаас бямба гаригт шилжих шөнийн 00:00 цагт Монгол улс нийтээр өвлийн цагийн хуваарьт шилжинэ. Тиймээс 00:00 цагт бүх нийтээрээ цагийн зүүг нэг цагаар ухраах шаардлагатай болж байна гэсэн үг. Нийт ард иргэдэд зориулан СХЗГ-ын www.masm.gov.mn цахим хуудсаар зуны цагийн тооллоос өвлийн цагийн тоололд шилжихэд хэрэглэгчдийн гар дээр ашиглагдаж буй цаг хэмжих төхөөрөмжүүдийг хэрхэн тохируулах заавар зөвлөмжийг байрлуулан мэдээллэж байгаа.

 

-Иргэд цаг ухраах талаар мэдээлэлтэй байгаа хэдий ч Улсын цагтай алдаагүй яаж тааруулах талаар ихээхэн эргэлздэг. Автоматаар цагаа алдаагүй яаж тохируулах вэ?

 

-Гар утасны цагийн тохиргоо нь Android OS утсанд бол үйлдлийн системийн 4.4.4 хувилбар дээр нэмэгдэн суугдсан учир автоматаар тохирно. Энэ үйлдлийн систем байхгүй гар утас бол өөрсдийн ухаалаг хэрэгслүүдийн үйлдлийн системийг шинэчилэх шаардлагатай. Iphono утасны хувьд IOS үйлдлийн систем дээр хамгийн сүүлийн 9-р хувилбарын шинэчлэл дээр бүрэн орсон байгаа учир таны утасны цаг автоматаар ухарч, Улсын цагтай таарна. Зарим ухаалаг төхөөрөмжид үүрэн телефоны операторууд нь цагийн мэдээллийг автоматаар тааруулах өгөгдөл илгээсэн ч хэрэглэгчийн төхөөрөмжийн үйлдлийн цагийн бүс солигдохгүй байх тохиолдол гардаг. Энэ тохиолдолд зуны цагийн хуваариас өвлийн цагийн хуваарь руу шилжихэд цагийн бүсээ механикаар өөрчлөх шаардлагатай.

 

-Цагийн тохиргоог ухрааж, хойшлуулдаг хэдэн орон байдаг вэ?

 

-Дэлхийн хэмжээнд нийт 76 орон цагийн тохиргоог өөрчилдөг гэсэн судалгаа байдаг. Азийн Хятад, Орос, Солонгос зэрэг улсууд цагийн тохиргоог өөрчилдөггүй. Одоогоор Ази тивд Манай улс л зуны цагийн хуваарьт шилждэг.

 

-Иргэдийн дунд явуулсан санал асуулгаар эрүүл мэндэд сөрөг нөлөөлсөн гэсэн үр дүн гарсан учир 2007 онд зуны цагийн тооллыг зогсоож байсан. Ямар учраас дахин зуны цагийн хуваарьт шилжүүлэх болсон бэ?

 

-1998 онд хийсэн судалгаа байдаг. Энэ судалгаагаар зуны цагийн тоололд шилжих 4-9 дүгээр сарын хооронд байгалийн гэрэлтэй цагийг илүү ашигласнаар жилд дунджаар 23 орчим сая квт.цаг цахилгаан эрчим хүчний хэмнэлт гардаг нь тогтоогдсон. Харин 2006 оны байдлаар Диспетчерийн үндэсний төвд хийсэн тооцоогоор цагийн шилжилтээс 140 сая төгрөг хэмнэсэн байдаг.

 

1986-2005 он хүртэл жил бүр дунджаар 13 сая квт, нийт дүнгээр авч үзвэл 130 сая квт цахилгаан энерги хэмнэсэн гэсэн түүхэн баримт судлагаа гарсан учраас нарны гэрлийг ашиглах, эрчим хүчийг хэмнэх үүднээс Засгийн газраас дахин зуны цагийн хуваарьт шилжүүлж эхэлсэн.

 

-Зуны цагийн хуваарьт 02 цагт шилжсэн. Харин өнөөдөр өвлийн цагийн хуваарьт 00:00 цагт шилжиж цагаа ухраана гэхээр иргэдэд эргэлзээ багагүй төрж байгаа. Яагаад энэ цагийг сонгосон юм бэ?

 

-Засгийн газраас 00:00 цагт өвлийн цагийн хуваарьт шилжүүлнэ гэсэн тогтоол гарсан. Энэ тухай манай байгууллага мэдэхгүй. Гэхдээ цагийн хуваарийг ирэх жил дахин шинэчилнэ. Өвлийн цагийн хуваарьт шилжих болсонтой холбогдуулан СХЗГ-аас холбогдох байгууллагуудад тодорхой мэдээлэл хүргүүлж, үүрэн телефоны операторуудтай хамтран цаг тооллыг орон даяар нэгэн зэрэг шилжихэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа. Мөн slave.icttime.mn цахим хаягаар цагийн дохиог 0.03 миллисекундээс ихгүй алдаатайгаар дамжуулах учраас хүндрэлтэй асуудал гарахгүй болов уу.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой! aaӨнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-09-25