Аж ахуйн нэгжүүд ШӨХТГ-т шаардлага хүргүүлнэ
2015-09-29

 

Ашигт малтмалын газраас зарласан сонгон шалгаруулалтад материалаа хүргүүлж амжаагүй  “Баян газрын хишиг”, “Ундрах өргөө” компанийн хуулийн зөвлөхүүд мэдээлэл хийлээ. Хариуцсан ажилтан нь хүнд суртал гаргаж, ажилдаа хариуцлагагүй хандсанаас сонгон шалгаруулалтаас хоцорсон гэдэг асуудлаар холбогдох яамдад шаардлага хүргүүлэх болсноо тэд хурлын үеэр мэдэгдлээ.

 

Ховд аймгийн Алтай сумын “Богч” гэдэг газарт түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн хайгуул хийх зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг АМГ-аас 2015 оны наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын 25 хүртэлх хугацаанд зарласан аж. Сонгон шалгаруулалтын сүүлийн өдөр хариуцсан ажилтан нь аж ахуй нэгжийг нэг нэгээр нь өрөөндөө дуудан материалыг нь хүлээж авсан байна. Ингэхдээ ахлах мэргэжилтэн Г.Пүрэвжав эхний материалуудад 5-15 минут зарцуулж байсан бол сүүлийн материалуудад нэг минут хүрэхгүй хугацааг зарцуулсан аж. Энэ нь “Монгол улсын шударга өрсөлдөөний тухай хуулийн аль нэг аж ахуй нэгжид давуу эрх олгоход чиглэсэн үйл ажиллагаа явуулахыг хориглосон заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэн материалаа өгж амжаагүй аж ахуй нэгжүүд Уул уурхайн яам, ШӨХТГ, Авлигатай тэмцэх газруудад шаардлага хүргүүлэх болсоноо мэдэгдлээ.

 

Мөн ирүүлсэн саналыг Уул уурхайн сайдын 2015 оны 10-р тушаалаар батлагдсан  “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын дагуу үнэлнэ гэж урилганд тусгасан.  Гэвч  сайдын 2015 оны зургаадугаар сарын 29-ны өдрийн 126-р тушаалаар нэмэлт өөрчлөлт орсон журмын дагуу үнэлгээ хийж зарим компаниудыг үндэслэлгүйгээр сонгон шалгаруулалтаас хасаж илтэд хууль зөрчсөн шударга бус үйлдэл гаргасан гэж “Баян газрын хишиг” ХХК-ийн хуулийн зөвлөх Б.Сугар хэлж байв.

 

 

Энэ талаар сонгон шалгаруулалтын материал хүлээн авсан, Ашигт малтмалын газрын ахлах мэргэжилтэн Г.Пүрэвжаваас тодрууллаа.

 

Таныг хаалгаа барьж, өрөөгөө түгжиж хүнд суртал гаргаж хариуцсан ажилдаа хайнга хандсан гэж сонгон шалгаруулалтанд материалаа өгж амжаагүй аж ахуй нэгжийн төлөөллүүд хэлж байна?

 

Энэ сонгон шалгаруулалт наймдугаар сарын 25-ны өдөр анхлан зарлагдсан. Зарлагдсан өдрөөс хойш нэг ч санал ирэээгүй байж байгаад шалгаруулалт дуусахаас нэг хоногийн өмнө есдүгээр сарын 24-ны 09:55 минутанд эхний санал ирсэн. Аж ахуй нэгжүүд өөрсдөө цагаа тулгаж материалаа авчирсанаас сүүлийн өдөр ачаалал нэмэгдсэн. Ирсэн материалуудыг бүртгэж тэмдэглэх, танилцаж нягтлах гээд зөндөө ажилтай байгаад хэсэг амрах гээд гарсан. Энэ хооронд өөр хүн ажиллуулсан. Тийм болохоор есдүгээр сарын 25-ны өдрийн 16:55 минут хүртэл сонгон шалгаруулалт тасралтгүй явагдсан. Сарын хугацаанд нийт 28 байгууллагын хүсэлт хүлээж авсан.

 

 Уул уурхайн сайдын 10-р тушаалаар батлагдсан журмын дагуу үнэлнэ гэж урилгандаа тусгасан байна. Гэтэл  126-р тушаалаар нэмэлт өөрчлөлт орсон журмын дагуу үнэлгээ хийж, зарим компаниудыг үндэслэлгүйгээр хассан гэдэгт та ямар тайлбар өгөх вэ?

 

Тийм юм болоогүй. Бид сонгон шалгаруулалтын журманд зааснаар Уул уурхайн сайдын 2015 оны 10-р тушаалаар батлагдсан  “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын дагуу явуулсан. Шударга бус үйлдэл болоогүй.                                   

 

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин