Моно жүжигчид туршлага солилцоно
2015-09-30

 

“The Parade of Winners” буюу “Ялагчдын цуваа” моно жүжгийн олон улсын фестивалийн зохион байгуулагчид хэвлэлийн хурал хийлээ.

 

Монголын моно жүжгийн төвөөс санаачлан, БСШУЯ, УДЭТ, “Монгол мөрөөдөл” клубтэй хамтран зохион байгуулж буй “Ялагчдын цуваа” моно жүжгийн олон улсын фестиваль энэ сарын 30-наас аравдугаар сарын 6-ныг дуустал Улаанбаатар хотод зохион байгуулагдана. Фестивальд Монголоос гадна Герман, Латви, Молдав, Швед, Украйн, Киргиз зэрэг улс орны уран бүтээлчид оролцох аж.

 

Жүжгийн урлагийг хөгжүүлэх, үзэгчдэд таниулах, Монгол жүжигчдийг олон улсын тавцанд гаргах, оюутан сурагчид, багш нарт туршлага солилцуулах зорилгоор зохион байгуулж байгаа тухай Моно жүжгийн төвийн тэргүүн УДЭТ-ын жүжигчин Ц.Баясгалан хэлж байлаа. Тэрбээр “Монголын драмын жүжигчид олон улсад нэрээ гаргах боломж бүрдэж байна гэж ойлгож болно. Уралдаан биш, туршлага солилцох баярт наадам гэдгийг ойлгоорой”  хэмээн онцолж хэлсэн юм.

 

“Ялагчдын цуваа” олон улсын фестиваль цаашид жил болгон Монгол Улсад зохион байгуулагдах бөгөөд  тухайн жилдээ олон улсад болон өөрийн улс оронд моно жүжгийн төрөлд ялагч болсон жүжигчид оролцох юм байна.      

                                          

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин