С.Оюун Ази, номхон далайн парламентчдын уулзалтад оролцож байна
2015-10-01

УИХ-ын гишүүн, НҮБ-ын Байгаль орчны ассамблейн ерөнхийлөгч С.Оюун энэ өдрүүдэд Токио хотноо болж буй Ази, Номхон далайн парламентчдын “GLOBE” байгаль орчны уулзалтад оролцож байна.

 

Энэ удаагийн уулзалтыг GLOBE Japan, Японы ГХЯ, ЖАЙКА байгууллагаас хамтран зохион байгуулж, Азийн 10 гаруй орны хууль тогтоогчид оролцож, бүс нутагт тулгамдаж байгаа байгаль орчны асуудлаар санал солилцож байна. Уулзалтын үеэр уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдол болон хог хаягдлын чиглэлээр Азийн орнуудын хэрэгжүүлж байгаа бодлогууд болон бодитой шийдлүүдийн талаар сонирхолтой илтгэлүүд тавигджээ.

 

УИХ-ын гишүүн С.Оюун хуралдаанд үг хэлж, өнгөрсөн өдрүүдэд Нью-Иорк хотноо батлагдсан Тогтвортой хөгжлийн зорилтуудыг бодитой хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлт зэрэг байгаль орчны тулгамдсан асуудлуудаар Азийн орнуудын парламентчид хамтран ажиллахын ач холбогдлыг тэмдэглэв. Мөн уур амьсгалын өөрчлөлт Монгол оронд сөргөөр нөлөөлж байгаа талаарх жишээнүүд,түүнийг даван туулах талаар төр, засгаас авч буй арга хэмжээний талаар танилцуулав.

 

Хурлыг Японы парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Байгаль орчны сайд асан Ю.Коикэ даргалж, Нобелийн шагналтан Х.Амано эрчим хүчний хэмнэлтийн талаар, Олон улсын Парламентын холбооны Ерөнхийлөгч С.Чаудхари хууль тогтоогчдын байгаль орчны салбар дахь хамтын ажиллагааны талаар үндсэн илтгэл тавьсан байна гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв. 

Shuud.mn
Сонин хачин