40 жилийн хөдөлмөр, 40-ийн бидон
2015-10-05

Өнгөрсөн 7 хоногт нэлээн хөлтэй шуугиантай ямар өдөр болов. Урьдчилж хэлэхэд Чуулганы нээлт бол биш шүү.

 

Өршөөлийн хууль, Тавантолгой хөдлөх гацах, Засаг огцрох зэрэг бол үнэндээ одоо уйдаасан сэдэв болчихсон байгаа юм. Энд миний бие Ахмадуудыг өдрийг л хэлэх гээд л байна. Олон улсын ахмадын өдөр гэсэн болохоор дэлхий даяар яаж хийснийг хэлж мэдэх юм алга. Манайхан бол дор бүрнээ нүсэр авлаа шүү дээ.

 

Орон даяар хийсэн цар хүрээгээр нь авч үзэх юм бол бэлэг сэлт эмнэлгийн үзлэг хүлээн авалт гээд ойролцоогоор 1 тэрбум гаран төгрөгийг энэ өдрийн арга хэмжээнд зориулчихсан гэж албаны хүн зурагтаар ярьж байх нь чих дэлслээ.   Бараг бүх ахмадын тэтгэврийг хөөрхөн нэмчих мөнгөөр нэг өдрийн арга хэмжээ хийж ахмадуудад хайртайгаа илэрхийлсэн байна даа.

 

Сонгууль дөхсөн жил юм. Намуудын дарга ахмадууддаа жич мэндчилгээ дэвшүүлээд л. Ханиад хатгаа нь хаанаа хүрснийг тогтоочих эмнэлгийн анхан шатны үнэ төлбөргүй үзлэг шинжилгээ газар сайгүй болоод л. Засаг даргын жуух бичгээс намын “хүндэт” одон тэмдэг хүртэл шагналын хур буугаад л. Тэтгэврийг нь нэмэхээс бусад бүх л сюрприз энэ өдөр уламжлал ёсоороо боллоо.

Ахмадууд бол хүүхэд шиг хөөргөн сэтгэлтэй болчихсон нөгөө талаасаа үр хүүхэд ач зээ, эх орондоо байгаагаа өгсөөр дуусах тангарагтаа үлдсэн бүх насаа зориулахаар сэтгэл шулуудсан хүмүүс гэдгийг бид онцлон хэлэх дуртай.

 

Энэ өдөр улс төрийнхөн ахмадуудаа хөөргөхөөр бүр ч хөлтэй хөдөлжээ. Баянсэлэнгэ гишүүн ахмадуудаасаа “ташуурын амт” авмаар байгаагаа илэрхийлсэн бол МАН-ын дарга баярын шахуу мэндчилгээ дэвшүүлэхдээ АН-ынхныг жаал “ховложээ”.

...2012 оноос хойш өнөөдрийг хүртэл гурван жил гаруйн хугацаанд төрийн албан хаагчдын цалин 10 хувиар, ахмадуудын тэтгэвэр 20 хувиар нэмэгдсэн гэх боловч энэ хугацаанд хэрэглээний үнийн индекс 52 хувиар өсч, тэтгэврийн өсөлтөөс даруй тав дахин илүү гарчээ. Өөрөөр хэлбэл, 2012 онд 20 мянган төгрөгөөр худалдан авч байсан өргөн хэрэглээний барааг өнөөдөр 100 мянган төгрөгөөр худалдан авч байна. Энэ бол ахмадуудын маань амьдралд ахадсан хүнд ачаа юм. Тэдний үүрч явсан ачааг гурван жилд тав дахин нэмчихлээ гэсэн үг...

 

Тэмдэглэлт өдөр биш байгаад ахмадуудаас өөр нөхдүүд өөрсдөд нь хамаатай ийм харьцуулалт сонссон бол шууд гараад ордны цонх руу чулуу биш гэхэд өндөг шидэх байсан байж магадгүй. Гэхдээ ахмадууд бол тэгж тавьтаргүйтэхгүй. Бид яахав. Хүүхдүүдийн цалин мөнгө нэмэх үү, тэдэнд минь ажил олдох нь уу. Ач зээд минь цэцэрлэг барих уу л гэж асууна л даа.

 

АН-ынхан ахмадуудын өөрсдийгөө гэхээс илүүтэй үр хүүхдээ гэх сэтгэлийг нь соргог мэдэрчээ. Тэгээд ч мэндчилгээндээ дараахь тайлангаар үгийн хадаг барьжээ.

...Барилгын салбарт өмнө нь байгаагүй их ажил өрнөж 470.6 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлснээр орон сууцны үнийг буулгаж, зээлийн хүүг 8 хувь болгосноор 645.6 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээлийг шинээр олголоо. 

 

...ЖДҮ-т 70 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож, дотоодын үйлдвэрлэлээ дэмжлээ. Үүнээс гадна ажлын байрыг дэмжих үйлдвэрлэлээ хөгжүүлэх зорилгоор 888 төслийн хүрээнд 78.9 тэрбум төгрөгийг дэмжлэг үзүүлж 3856 ажлын байрыг шинээр бий болгосон нь нүдэнд харагдаж, гарт баригдах бодит бүтээн байгуулалт юм. Мөн ахмадуудын ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулснаар тэтгэврийн даатгалын  шимтгэлээ төлөх боломжгүй болсон иргэдэд 3 сараас 11 жил хүртэлх хугацаанд нөхөж тооцуулах боломж бүрдлээ...

 

Хоёр нам хоёулаа ёстой авч өгсөн байгаа биз. Сонгуулиар нэг иймэрхүү л хоёр туйлтай яриа явж нэг талын хар хов үгүйсгэл, нөгөө талын хийж бүтээсэн гэх нүсэр тайлан тэдний минь чихийг их өвтгөнө дөө.

 

Ахмадуудыг хүүхэд шиг болчихдог гэж бид ярьдаг. Гэхдээ намууд бол бас л энийг хэтрүүлж үнэлж байх шиг. Чингис бонд гэж хур мөнгөний хэд нь жирийн бизнес эрхлэгчид хүрч, хэдэн хүүхэд нь ажлын байртай болж, хүү охин нь хэзээ “Миний цалин” гэж бөөн мөнгө атгаад ороод ирснийг бахархан санах настнууд уулзалтын танхимд хэр олон байсан юм бол доо.

 

...Автозамын салбарт сүүлийн 90 жилийн хугацаанд хийсэн ажилтай тэнцэх хэмжээний бүтээн байгуулалтыг хийж, 2012-2014 оны хооронд буюу хоёрхон  жилийн дотор 2756 км засмал зам тавьжээ. Энэ бол ахмадууд та бүхний арвин их туршлага, хойч үедээ үлдээж буй мэргэн оюун, нөр их хөдөлмөр, улс орны хөгжил, бүтээн байгуулалтын төлөөх сэтгэл зүрх билээ... гээд л АН-ын ахмадууддаа хэлэх тайлан ёстой цогтой халуунаар үргэлжилсэн байна лээ. Гэхдээ амьдралын ширээний араас уригдаж ирсэн ахмадууд бол арай ч дээ гэж л суусан байх.

 

ЖДҮ-т 70 тэрбум, 888 төслийн хүрээнд 78.9 тэрбум төгрөг... Ийм их мөнгө зарцуулсан ажил хийгдээд байхад хэдэн хүүхэд нь ажилгүй, тэтгэврийн зээлээр нь байрныхаа зээлийг төлсөөр л байгааг ахмадууд хамгийн сайн мэднэ. Боломжийн тэтгэвэртэй хэрнээ санаандаа хүртэл сүү хийж борц хаясан цайгаа пор хийлгэчихэж чадахгүй л яваад байгаа юм. Хэдэн хүүхэддээ тэтгэвэр, хадгаламжаа илүүчилж энэ төрийн урагшгүйн алдааг үүрэлцэж яваа буурлуудын буян их ээ. Хариуд нь төрийнхөн худлаа хошгируулдгаа больж зүгээр хамаг үнэнээ хэлж, хатуу үг, хэрэгтэй сургаалийг нь сонсох өдөртэй болчихвол дээр юм даа гэж бодогдлоо.

 

Нэг танилын минь ярьж суугаагаар бол аав нь ахмадын өдрөөр хороон дээрээ уригдаж орой нь 40 литрийн бидон бэлгэнд аваад баярлах гайхах алин болохоо сайн ойлгохгүй л ирсэн гэнэ. Ид 20 настайгаасаа улсдаа ажиллаж тасралтгүй 40 жил зүтгээд “ахмадын баяр”-аар 40-н бидон бэлгэнд авчээ. 

 

Усаа сайн зөөгөөд бай гэсэн юм уу. Мөнгөн дүнгээрээ нь авч үзвэл тийм их үнэтэй зарагдаад байх хөөрөг шиг эд биш. Ямар ч байсан хөнгөн цагаанд тушаа гэж өгөөгүй байх. Саалиа хураахаар саваа бэлд гэдгээр нь бэлэгшээж ахмадууддаа “бидон” бэлэглэсэн юм болов уу даа.

 

Ахмадын гардан авсан энэ өвөрмөц бэлгийг туйлшраад буруутгах гээд байх юм алга. Тэгээд ч энэ гол сэдэв биш юм. Гэхдээ намуудын ахмадууддаа амладаг халамж хайр, амьдралд дээр өгч буй юмных нь тэнгэр газар шиг хол зөрүүг харуулсан л жишээ.

 

Нэмж хадуурахад, МАН-ын дарга саяын ахмадын баярын мэндчилгээгээрээ бүр ил шулуун сонгуульд хамт орохыг уриалсан байна лээ. “...Ардын намын гишүүд өнөөдрөөс эхлэн ХАМТДАА нойр хоолоо хасан ажиллаж, зүтгэх болно. "ХАМТДАА тэмцэн эрх мэдлийг олж, түүнийгээ зөв хэрэгжүүлэх” энэ бол ахмадууд та бүхний бидэнд суулгасан хүмүүжил, дамжуулсан итгэл найдвар!..” гэжээ.

 

“Өрмийг нь аваад хусмыг нь...” гэж өвгөд хатуурхан хэлдэг. Өндөр сайхан насалж, ид хүч чадал оюун ухаанаа эх орон, гэр бүлдээ зориулсан ахмадуудаа өрөм ааруултай, өтгөн сүүтэй цайтай, өндөр тэтгэвэртэй байлгахад тийм их мөнгө орохгүй л дээ.

 

“Үхтлээ л ...” гэж хэлэн дэм болон бараадах үр хүүхдийг нь ажил орлоготой, ач зээг нь эрүүл аюулгүй тайван орчинд амьдруулахад л тэдний минь өндөр насны амар амгалан, энэ төрөөс хүлээж буй эрхэм дээд хишиг нь болно доо. 

 

Б.Хэгжүүн

Shuud.mn
Сонин хачин
Дорж:
Захуудыг хучээр хаагаадл хаячих нуухгуй яах юм тэр тэмэр нуурээ харуулах хэрэгтэй
2015-10-05
Ard daatgal:
Xumuusee Ard daatgal d buu daatguul yagaad 99971212 asuu
2015-10-05
divii:
Er n undesnii uildvriig demjij ekspotiig nemegduuleh gej bn geed surtalchilaad baigaa murtluu amidral deer jiriin 1 muruuruu uil ajillagaa yvuulj baigaa co bl ter saihan demjleg gedgiig hurtej chadahgui l bndaa, hen 1 deedes,reketchin zard garsan luivarchinii nuluuguigeer demjlegiin nar giihgui yum bn,tuhailbol120 say ch geluu tn mah eksportoh yum gej saidaasaa ehleed amaa tsuurtal yriad baisan getel jiriin 1 compani gargah geheer zuvshuurul kwot gej yum hedhen medeltnuudiin gart mungu bol tuvluruud heviin ajillagaa yvuulj buhniig demjih gedeg n halhavch tarhi ugaadag goyo ug bolood l ungurch bndaa .
2015-10-05
muugii:
tm ch muu beleg bishee,narantuul deer nileen unetei bna lee shuu .
2015-10-05