“Амгалан” станц дулаанаа түгээж эхэллээ
2015-10-05

 

Саяхан л хотын зүүн захад хэдэн айлын хашаагаар хүрээлүүлсэн, хуучин цэргийн анги байсан бол хоёрхон жилийн дотор тэнд “Амгалан” дулааны станц хэмээх том айлыг бий болгон, өрхийг нь татаж, үүдийг нь нээжээ. Энэ станц ашиглалтад орсноор 1.3 сая гаруй хүн амтай Улаанбаатар хотын зүүн бүсийн айл өрхүүд найдвартай дулааны эх үүсвэрт холбогдож, 50 мянган айлын орон сууцыг шинээр барих боломж бүрдэж байна. Энэ том бүтээн байгуулалтыг эхэлж, богино хугацаанд амжилттай дуусгаж буй “Амгалан” дулааны станцад энэ дугаарын “Амьдралын тойрог” саатсан юм. Биднийг зорин очиход цагийн зүү шөнийн 23:00-ийг зааж байв. Яг л өдрийн цаг мэт бүгд завгүй ажиллана. Учир нь “Амгалан” дулааны станц есдүгээр сарын 27-ны ням гаригаас эхлэн хэрэглэгчдээ дулаанаар хангаж эхлэсэн байлаа. Станцын хэвийн ажиллагаа жигдэртэл тэдэнд сэтгэл амар гэртээ амрах, бүтэн нойртой хонох эрх байхгүй. Ямартаа ч аравдугаар сарын 15-нд албан ёсны нээлтээ хийх хүртэл төслийн багийнхан нойр хоолоо умартан ажиллаж байв. 

 

БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТҮҮХ ИНГЭЖ ЭХЭЛЖЭЭ       

 

 

Шинэ станц үнэхээр хэрэгтэй байсан учраас ажил шат, дамжлага бүртээ хурдацтай нааштай шийдэгдэж иржээ.

 

Хотын хүн ам нэмэгдэхийн хэрээр орон сууц, барилга байшин жилээс жилд олноор баригдсаар байна. Энэхүү өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэглээг хангахад одоо ажиллаж байгаа цахилгаан станцуудын чадал хүрэлцэхгүй гэдгийг салбарын мэргэжилтнүүд хэлдэг. Тиймээс Монгол Улсын эрчим хүчний салбарт шинээр эх үүсвэр барих шаардлага зайлшгүй тулгарч Засгийн газраас Дулааны V цахилгаан станц барих тухай яригдаад 10-аад жил болж байна. Гэвч өнөөдрийг хүртэл бүтээн байгуулалтын ажил эхлэсэнгүй.

 

Харин “Амгалан” дулааны станцын бүтээн байгуулалтын түүх ийн хөвөрч. Нийслэлийн Засаг дарга асан Г.Мөнхбаяр 2006 онд Улаанбаатар хотын ерөнхий менежер байхдаа эрчим хүчний салбарын доктор, багш нарыг оролцуулан “Улаанбаатар хотын дулааны бланс, дулааны шинэ эх үүсвэрийг сонгох, үндэслэл боловсруулах” гэсэн то­моохон судалгааны ажил хийлгэжээ. Нэгдүгээр хэсэгт нь Улаанбаатар хотын дулаан ба цахилгааны 2020 он хүртэлх ачааллын бланс боловсруулах тухай, хоёр­дугаар хэсэгт  Улаанбаатар хотын дулааны сүлжээний оновчтой схемийг боловсруулах, гуравдугаар хэсэгт Улаанбаатар хотын дулааны эх үүсвэрийн үндэслэлийг боловсруулах гэсэн гурван багц, том судалгааны ажил хийсэн байдаг.

 

Тухайн үед агентла­гийн дарга нар дулааны тухай ойлголтгүй. Шинэ барилга барина гэхэд дулаанаар бүрэн хангах боломжгүй гээд есөн давхар бол долоо болго, тав бол гурав болго гэдэг байжээ. Харин 2007 оны арванхоёрдугаар сард судалгааны ажлын тайланг хүлээж аваад Засаг даргын зөвлөл, Хотын хөгжлийн бодлогын зөвлөл, Засаг даргын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааны хэлэлцүүлэгт хотын 47 агентлагийн дарга оролцжээ. Тэгээд энэ тайланг ажил хэрэг болгох үүргийг Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Мөнхбаатар Хотын хөгжлийн бодлогын хэлтэст даалгасан байна.

 

Судалгааны дүнд Улаанбаатар хотод байгаа гурван цахилгаан станц хотын баруун талд байрладаг. Эндээс үйлдвэрлэсэн дулаанаа хотын зүүн зах руу 30 км газарт дулааны шугамаар, есөн ширхэг насосын станцаар даралтаар хүргэдэг байна. Энэ нь ашиглалтын зардлыг өндөр болгох, хэрэглэгчдээр горим тохируулгыг хийлгэх гэх мэт ажил гаргадаг гэжээ. Харин II, III, IV станцуудад тодорхой хэмжээний нөөц байсан бөгөөд үүнийг нь дулаан дамжуулж байгаа шугамыг өргөтгөж хэрэглэгчид хүргэх боломжтойг олж харжээ.

 

Сүүлийн хэдэн жил зун болохоор л хотын энд тэнд зам хааж газар ухаж иргэдийн ундууцлыг хүргэж байсан тэр ажлууд бол дулааны 1а,б, 5а,б, арвангуравдугаар магистрал, 6а,б, долдугаар магистралын хүчин чадлыг өргөтгөсөн байна. Тухайлбал, 400-ын шугамыг 700 болгох, 700 байвал 800 болгох, зарим газар шинээр шугам татах зэргээр дулааны шугамын өргөтгөлийн ажлыг хийж дуусчээ. Бидний хамгийн сайн мэдэх “Оргил” рашаан сувиллын баруун талаар Энхтайваны гүүр хүртэлх замын хажууд ногоон шугам байсан шүү дээ. Тэр шугамыг өргөтгөхдөө газар доогуур явуулснаар хотын өнгө үзэмжид хүртэл нөлөөлсөн чухал ажил болсон байна.

 

ХАРААЖ ЗАГНАЖ БАЙСАН ИРГЭД ЕРӨӨЛ ӨРГӨӨД НҮҮВ

 

Бидний нэрлэж занш­­санаар ТЭЦ гэдэг нь дулаан цахил­гааныг хослон үйлдвэрлэхийг хэлдэг байна. Улаанбаатарт ажиллаж байгаа гурван станц гурвуулаа ТЭЦ ангилалд багтдаг. Энэ нь нэг бүтээгдэхүүн буюу нүүрсээр дулаан, цахилгаан гэсэн хоёр бүтээгдэхүүүн үйлдвэрлэхийг хэлдэг аж. Харин Амгалан дулааны станц зөвхөн нүүрс шатаагаад дулаан үйлдвэрлэх юм байна.

 

Төвийн эрчим хүчний нийт ачааллын 65 хувьд цахилгаан дулаан үйлдвэрлэх ТЭЦ байх хэрэгтэй. Үлдсэн 35 хувьд нь усны, нарны, салхины цахилгаан станцууд байх нь эдийн засгийн хувьд ашигтай байдгийг Оросын академич Л.А.Мелентьев судалж гаргажээ. Тиймээс Амгалангийн дулааны станцыг Улаанбаатарын зүүн талд барих нь зөв гэж судалгаан дээр тулгуурлан шийдээд ажлаа эхэлжээ. Тухайн үеийн Эрчим хүчний яамны мэргэжилтнүүд үүсээд байсан нөхцөл байдлыг ойлгосон мэдлэгтэй хүмүүс байсандаа үе шаттайгаар хөөцөлдөж явсаар 2012 онд Дулааны цахилгаан станцыг барих шийдвэр гаргуулж мэднэ.

 

 

Нүүрс буулгадаг төхөөрөмж нь гар ажиллагаагүй автомат төхөөрөмж ажээ.  

 

2012 онд судалгааны материалаа Эрчим хүчний сайд М.Сономпил сайд Ерөнхий сайд Н.Алтанхуягт танилцуулсан байна. Тэгээд өртөг зардал, босох хугацаа бүгдийг тооцоолж, станцын техник эдийн засгийн үндэслэлийг хийлгэх Ерөнхий сайдын 150 дугаар тогтоол гарчээ. Судалгаан дээр үндэслэн инженер н.Алтангадасаар ахлуулсан баг ТЭЗҮ-г маш богинохон хугацаанд хийсэн байна. Энэ ажил үнэхээр тулгамдаж байсан учраас шат дамжлага бүртээ хурдацтай, нааштай шийдэж иржээ.

 

2013 оны хоёрдугаар сард Засгийн газрын 35, 50-р тогтоолоор богино хугацаанд станцыг барих шийдвэрийг гаргасан байна. Газрын асуудлыг Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд, хөрөнгийн асуудлыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан нарт даалгажээ. Ингээд 2013 оны гуравдугаар сард төсөл хэрэгжүүлэх нэгжийг байгуулсан байна. Дөрөвдүгээр сард хамтран ажиллах Хятадын талтай гэрээ байгуулжээ.

 

 

Нүүрс хадгалах битүү агуулахын урт нь 120 метр, өргөн нь 35 метр, өндөр нь 40 метр.

 

Хятадын тал тавдугаар сарын нэгнээс газар шорооны ажлаа эхлэх байсан ч газрын асуудал шийдэгдэж амжаагүй байв. “Амгалан” дулааны станц барихад 10.8 га газар хэрэгтэй гэсэн тооцоо гарсан учраас тэнд амьдарч байсан иргэдийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болжээ. Эхний ээлжинд өмнө нь оросуудын хэрэглэж байсан цэргийн ангийн газрыг буулган чөлөөлөөд Хятадын барилгын компанийг оруулж ирсэн байна. Хэдийгээр айлууд амандаа орсон мөнгөө хэлж байсан ч Нийслэлийн газрын албаныхан бүх айлын судалгааг хийж, үнэлгээг нь Сангийн яамаар оруулж баталгаажуулсан байжээ. 2013 оны долдугаар сарын 4-нд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар 10.8 га газар чөлөөлөх хөрөнгийн асуудлыг шийдэж өгсөн байна. Ийнхүү хот богино хугацаанд иргэдийг нүүлгэн шилжүүлэхийн тулд маш сайн зохион байгуулалтай, үе шаттайгаар ажилласны дүнд айлуудыг нүүлгэж чадсаныг төслийнхөн онцлон ярьж байв.

 

Гэхдээ оршин суугчид хятад ажилчид руу мод, чулуу барьж дайрах, төслийн ажилчдыг Хятадын боол, авлигачид гэж харааж зүхэх, цонх шил хагалах гэх мэт олон асуудал тулгарч байсан ч төслийн удирдагч Б.Баттөмөр, ерөнхий инженер Ч.Цогтсайхан нар сайн зохион байгуулалтай ажилласны дүнд энэ бүх бэрхшээлийг даван туулж ажлаа эхлүүлж чадсан байна. Сүүлдээ загнаж зандран харааж байсан хүмүүс энэ бүтээн байгуулалтын ажил ямар чухал болохыг ойлгоод “Хотынхоо хөгжлийн төлөө зүтгэж, буянтай үйл хийж байгаа та нартаа амжилт хүсье” хэмээн ерөөсөн гэдэг. Тэр үед төслийн ерөнхий инженер Ч.Цогтсайхан гаднаа тоохгүй царайлж, олон хүний арга эв олох гэж загнахыг нь загнаж, аргадахыг нь аргадан архины мөнгө нэхсэнд нь өгч явсан ч дотроо эмээж байсан болохоор ерөөлийн сайхан үгсийг сонсоод баярласандаа самсаа нь шархирч байснаа бидэнд хуучлав.

 

ХЯТАДЫН 800 АЖИЛТАН СТАНЦЫН БАРИЛГЫГ БАРЬСАН БАЙНА

 

 

Хятад, монгол инженерүүд станцын хэвийн ажиллагааг ханган ажиллаж байна.

 

 

Ийнхүү 2013 оны наймдугаар сарын 21-ний өдөр барилга угсралтын анхны шаваа тавьж “Амгалан” дулааны станц барих ажил албан ёсоор эхэлсэн байна.

 

Ажил эхлээд хоёр сар яваад л өвлийн хүйтэнтэй золгож зогсжээ. Тэгээд 2014 оны 4-10 дугаар сар, 2015 оны 4-10 дугаар сар хүртэлх 16 сарын хугацаанд бүтээн байгуулалт өрнөж, “Амгалан” дулааны станц ажиллахад бэлэн болжээ. Хэдийгээр гадна дотно жижиг засварын ажил үлдсэн ч станц хэвийн ажиллах боломж бүрджээ. Есдүгээр сарын 27-нд хотын шугаманд холбогдож,  айл өрхөө дулаанаар хангаад эхэлсэн байна. Удахгүй хэдхэн хоногийн дараа буюу аравдугаар сарын 15-нд албан ёсоор нээлтээ хийнэ.

 

Энэ богино хугацааны бүтээн байгуулалтад ажиллах хүчийг Эрчим хүчний яам Засгийн газрыг төлөөлж Хятадын “CMEС” компанитай гэрээ байгуулжээ. Энэ компани нь Хятаддаа эхний аравт ордог, Малайз, Индонези, Турк улсуудад том станц барьсан туршлагатай учраас хамтран ажиллажээ. Энэ компанийн 800 ажилтаныг оруулж ирэх квотыг Засгийн газраар батлуулсан байна. Эдгээр ажилчдыг байрлуулах байргүй учраас барилгын хашаандаа ажилчдын байр бариулжээ. Тэгээд ажлын байранд болон ажилчдын байранд чанга дэглэм тогтоож чаджээ. Тэр талаараа ерөнхий инженер Ч.Цогтсайхан ярихдаа “Тэр олон хүний дунд ямар ч зан ааштай, бодол санаатай хүн байж болно. Тиймээс эхнээс нь хатуу чанга байх ёстой гэж бодсон. Цагдаагийн хэлтэстэй хамтран эргүүл явуулдаг байлаа. Хятадууд архи их уудаг. Хоолны дараа, оройн цагаар архи их ууна. Хоорондоо муудалцах асуудал гарсан учраас архи уухыг нь бүрмөсөн хориглосон. Цагдаагийн байгууллагатай хамтран гурван ч удаа шалгалт явуулж хоёр сая гаруй төгрөгийн архи, пиво хурааж авсан. Үр дүнд нь хятадууд архи уухаа больсон. Одоо ч үе үе байраар нь явж шалгалт хийнэ. Архи пиво гарвал нүдэн дээр нь хагалах юм уу, хурааж авдаг. 

 

Гэхдээ 800 хятад ажилчин нэг дор авчрах боломжгүй. Тиймээс эхлээд яндан барьдаг компанийнх нь ажилчид орж ирээд гурван сарын дотор барьж хүлээлгэн өгчихөөд яваад өгсөн. Мөн Бээжингийн “Шувууны үүр” цэнгэлдэх хүрээлэнг барьсан карказны компанийн ажилчид манай барилгыг барьсан. Эдгээр ажилчдыг авчрахад гадаадын харьяатын асуудал хариуцсан хүмүүс, гаалийн газрынхан, Замын-Үүдийн гаалийнхан, Төмөр замын газар,  Иргэний нисэхийн газар гээд маш олон байгууллага, хүмүүс тус болсон. Манай зарим нэг хууль тогтоомж, чөдөр тушаа болж байсан ч энэ хүмүүсийн тус дэмээр бүтээн байгуулалтын ажил маань бүтэж байлаа” гэж ярьсан юм.

 

2013 онд энэ төсөлд дарга, ерөнхий инжнер, нарийн бичиг гэсэн дөрвөн хүн ажиллаж байжээ. Тэд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд амрах өдөр байсангүй. Харин өнөөдөр “Амгалан “дулааны станц хэдийнэ хэвийн ажиллагаандаа оржээ. Станцын нүргэлэх дуун ойр орчныг сэрээх шиг. Гадаа том том ширхэгтэй цас хаялан орж цаг хэдийнэ 00:00 болж лхагва гариг эхэлснийг зааж байлаа. Гэвч оргүй хоосон газар дээр энэ том барилгуудыг босгож, станцын тоног төхөөрөмжүүдийг суурилуулан их хотыг дулаанаар хангах чухал ажилд оролцож эхэлснийг харах бахдалтай сайхан. Энэ цаг мөчид станцын хэвийн ажиллагааг хангахаар хятад мэргэжилтнүүд болон монгол ажилчид ажиллаж байв.

 

“Амгалан” дулааны станцын ашиглалтын өмнөх захиргаа, төслийн нэгжийн ерөнхий инженер, Монгол Улсын зөвлөх инженер Ч.Цогтсайхан биднийг дагуулан станцынхаа үйл ажиллагаатай танилцуулсан юм. Тэрээр сүүлийн сар гаруй гэртээ хоносон нь цөөхөн гэнэ. Нэгэнт эхэлсэн ажлаа нэр төртэй дуусгаж, улсдаа хүлээлгэн өгснийхөө дараа амрах тухай бодож яваа гэсэн. Түүнтэй ярилцсанаа хүргэе.

 

Ч.Цогтсайхан: МАНАЙ СТАНЦЫН ЯНДАНГААС УТАА БИШ УУР ГАРНА

 

 

-”Амгалан” дулааны станц маш том бүтээн байгуулалт болжээ. Ялангуяа нүүрс хадгалах байр чинь Монголд хамгийн том нь уу?

 

-Манай нүүрс хадгалах байрны урт нь 120 метр, өргөн нь 35 метр, өндөр нь 40 метр. Манай станц хотын төвд байрлалтай учраас нүүрсийг задгай газарт хадгалах юм бол агаарт дэгдэж орчин тойрныг бохирдуулна. Тиймээс битүү агуулах барьсан. Мөн манай станцын яндангийн технологи хамгийн сүүлийн үеийнх. Шатаагдах зуухнаас утаа нь гарч, 99.99 хувийн уутат фильтерээр шүүгдэнэ. Тэгэхээр манай яндангаас утаа биш уур гарна гэсэн үг. Яг л цайны уур шиг. Бүрэн хүчин чадлаараа ажиллаад, нийт ачааллынхаа 40-өөс доошгүй хувийг аваад эхэлбэл уутат фильтер ажиллаад шүүнэ. Энгийнээр хэлбэл тоос сорогч шиг ажиллах юм.

 

-Станцын тоног төхөөрөмж хаанахынх вэ?

 

-Хятадын сүүлийн үеийн тоног төхөрөмжийг авчирч суурилуулсан. Тухайлбал, зуух нь эргэлдэгч буцламтгай үетэй. Нүүрс асаад нарийн хоолойгоор дамжин эргэлдэх хэлбэрээр шатдаг. Агаараар элсэн давхарга дээр цельсийн 700-900 градусын хооронд шаталт явагддаг. Энэ технологи Германаас гаралтай. Харин хятадууд энэ технологийн төлбөрийг нь төлөөд авдаг юм билээ. 

 

-Танайхаас одоо ямар газрууд дулаанаа авч байна?

 

-Бид гурав хоногийн өмнөөс /09.30/ эргэлтийн горим тогтоогоод зуухаа галлан, дулаанаа үйлдвэрлээд хотод өгч эхэлсэн. Одоо ерөнхийдөө эргэлтийн тохируулга, зүгшрэлтийг хийж байна. Манайхаас Ус 15, Батлан хамгаалахын их сургууль, XVI хороолол, Соросын сангийн орчим, Госпитал, Баянзүрх дүүргийн ойролцоох газрууд дулаанаа авч байна. Ер нь манайх бүрэн хүчин чадлаараа ажиллаад эхэлбэл нийс­лэ­лийн дулаан 40-өөд хувийг хангах боломжтой. Манайд 110 мегаватын гурван зуух байна.

 

-Одоогоор төслийн баг ажиллаж байна. Станц хэвийн ажиллагаанд орвол мэргэжилтэн, ажилтан бэлэн үү?

 

-Мэргэжилтэн ажилтны хувьд хэцүү байгаа. Одоогоор төс­лийн удирдагч, ерөнхий инженер, зургаан инже­нер, нягтлан, менежер гэсэн 13 хүн ажиллаж байна. Ерөнхийдөө зургаан инжнер маань станцын хэвийн ажил­лагааг хянаж ажиллаж байна. Уг нь шинэ байгууламж ашиглалтад орохоос зургаан сараас өмнө ашиглалтын захир­гааг байгуулж, боловсон хүчнийг нь бэлдүүлэх ёстой. Өнөөдрийн хувьд улс төр, эдийн засгийн хүндрэлээс болоод санхүүжилтгүй байна. Мөн туршилтын хөрөнгө нь Монголын талаас гарах ёстой ч одоо болтол шийдээгүй л байна.

 

-Одоо манайд ажиллаж байгаа гурван цахилгаан станцтай харьцуулахад танайх ямар давуу талтай бол?

 

-Ерөнхийдөө манай станцын техник бүрэн автоматжсан. Тиймээс станц ашиглалтад ороход 130 хүн ажиллана. Энэ станц маань III станцын дунд даралтын бүрэн хүчин чадлыг холбох ёстой. Бүгд ашиглалтад орвол дулааны шугам сүлжээний зардал, ашиглалтын зардал буурна. Мөн ТЭЗҮ-д зааснаар манайх III станцын дунд даралтын ачааллыг авч ажиллаад, тэдний дунд даралтыг 300 мегаваттаас багагүй хүчин чадалтай болгож өргөтгөх юм. Цаашид II, IV станцуудыг ч өргөтгөх боломж гарна. Тэгэхээр “Амгалан” дулааны станц маш олон талын ашиг тустай байгаа биз.

 

Эрчим хүчээр бол бааз суурийг нь бий болгох, энэ олон ашиглалтын зардлыг бууруулах, төвийн эрчим хүчийг байх ёстой зохистой төвшинд хүргэж өгөх юм. Мөн хамгийн том, мөнгөөр илэрхийлж болохгүй ач тус нь нийгмийн салбарт гарна. Хотын зүүн захад 50 мянган айлын орон сууцыг шинээр барихад манайх  дулаанаар нь хангах чадалтай.

 

Тиймээс манай станц нэгдүгээрт Улаанбаатар хотын хөгжил цэцэглэлтэд том хувь нэмэр оруулна. Хоёрдугаарт эрчим хүчний салбарт том ач тустай.

 

Цаашид бид усан цахилгаан станц, нарны цахилгаан станц гэх мэт өөр төрлийн эх үүсвэрийг хайж олох хэрэтэй. Нөөц болоцоогоо ашиглаад Тайширын цахилгаан станцыг барьсандаа урамшин үлгэрлэж одоо Туул голд бага хэмжээний станцыг барих хэрэгтэй юм.

 

-“Амгалан” дулааны станц хэдэн төгрөгөөр баригдсан бэ?

 

-Олон улсын нэгжээр 75.9 сая ам доллараар баригдаж байна. Хуучин орос цэргийн анги байрлаж байсан болохоор суурийг нь ашигласан. “Амгалан” дулааны станцыг 18 сарын дотор барьж дуусгах төлөвлөгөөтэй ажилласан. Хугацаандаа амжиж дуусгалаа. Төсөл дуусаад бид Улсын комисст хүлээлгэж өгнө.

 

“Амгалан” дулааны станц нь 1982 оноос хойш Улаанбаатар хотод баригдаж байгаа хамгийн том бүтээн байгуулалт юм. Энэ ажлын явцад гаднаас хүмүүс ирж бидний ажлыг үзчихээд “Монголчууд өөрсдөө төсөл хариуцаад хийж чадаж байгааг анх удаа нүдээр харж үзлээ. Урьд нь дандаа гадны зөвлөхөөр ахлуулж байсан. ТЭЦ III, IV-ийг оросууд барьсан. Энэ жишгээрээ цаашаа олон том төсөл хөтөлбөрийг та нар амжилттай хэрэгжүүлж чадах юм байна” гэсэн урам өгсөн.

 

-Та станцынхаа цаашдын үйл ажиллагаанд хэр сэтгэл ханамжтай байна вэ?

 

-Би станцынхаа хүчин чадалд огт эргэлзэхгүй байна. Станцын ажиллах чадвар маш сайн. Бас нэг онцлог нь илчлэг бага ямар ч нүүрсээр ажиллана. Японд бол хог шатаадаг юм билээ.

 

-Энэ салбарт хэр удаан ажиллаж байна вэ?

 

-Би 1994 онд Политехникийн дээд сургуульд ороод Техникийн их сургууль нэртэй болсон хойно нь төгссөн. Дулааны инженер мэргэжилтэй. Төгсөөд Улаанбаатарын дулааны сүлжээний газарт 15 жил ажилласан. Тэгээд Хотын захиргаанд эрчим хүчний бодлого хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад 2013 оноос төслийн ерөнхий инженерээр томилогдсон. Монгол Улсын зөвлөх инженер хүн дээ. Манай эхнэр надтай адил дулааны инженер мэргэжилтэй. Манайх ам бүл долуулаа. Дөрвөн хүү, нэг охинтой айл бий.

 

Х.МОНГОЛХАТАН, Д.БАТБААТАР

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Shuud.mn
Сонин хачин
Dorj:
За баяр хүргье Ц.Алтангадас гуа ТЭЗҮ-г анх хийгээд ерөнхий сайдаар болоогүй байна гээд хөөгдөж гараад Эрчим хүчний яамны Ц.Болдхүү даргатай дахин хянан нягтлаад байгаль орчны үнэлгээний компаний Нью-Ларус ХХК-ны захирал М.Дагвасүрэнд үнэлгээ хийлгэх талаар санал тавихад маш уриалгахан дэмжиж ажлыг харин ч өдөр шөнөгүй хийж дахин Засгийн газрын хуралдаанд танилцуулж одоо болжээ ажил эхэлж болох юм байна гэж хэлэхэд тэр хүйтэнд дулаан хангамж дутуу мөстлөгийн шахуу эрин үе дуусжээ гэж бодогдсон шүү. Тиймээ энэ бүтээн байгуулалтыг хийсэн бүх ажилчид төслийн багийханд баяр хүргье.
2015-10-05
í.Äîðæ:
Çà áàÿð õ¿ðãüå Ö.Àëòàíãàäàñ ãóà ÒÝǯ-ã àíõ õèéãýýä åðºíõèé ñàéäààð áîëîîã¿é áàéíà ãýýä õººãäºæ ãàðààä Ýð÷èì õ¿÷íèé ÿàìíû Ö.Áîëäõ¿¿ äàðãàòàé äàõèí õÿíàí íÿãòëààä áàéãàëü îð÷íû ¿íýëãýýíèé êîìïàíèé Íüþ-Ëàðóñ ÕÕÊ-íû çàõèðàë Ì.Äàãâàñ¿ðýíä ¿íýëãýý õèéëãýõ òàëààð ñàíàë òàâèõàä ìàø óðèàëãàõàí äýìæèæ àæëûã õàðèí ÷ ºäºð øºíºã¿é õèéæ äàõèí Çàñãèéí ãàçðûí õóðàëäààíä òàíèëöóóëæ îäîî áîëæýý àæèë ýõýëæ áîëîõ þì áàéíà ãýæ õýëýõýä òýð õ¿éòýíä äóëààí õàíãàìæ äóòóó ìºñòëºãèéí øàõóó ýðèí ¿å äóóñæýý ãýæ áîäîãäñîí ø¿¿. Òèéìýý ýíý á¿òýýí áàéãóóëàëòûã õèéñýí á¿õ àæèë÷èä òºñëèéí áàãèéõàíä áàÿð õ¿ðãüå.
2015-10-05