Хэт даврагчдын зэвсгийн агуулахыг устгажээ

Ирак, Сири улсад агаараас цохилт өгч буй Оросын тусгайгийнхан 24 цагийн дотор хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн зэвсгийн гурван агуулахыг устгасан болохыг “TASS” агентлаг мэдээллээ. Өнгөрсөн сарын 30-нд Путин хэт даврагчдын эсрэг нэгдэж буйгаа мэдэгдэж, Батлан хамгаалах яамандаа үүрэг өгсөн билээ. Энэ хугацаанд хэт даврагчдад 104 удаа агаараас цохилт өгчээ.
Оросын сөнөөгчид өчигдөр Сирийн Жиср аль Шугур хотод агаараас цохилт өгсөн бөгөөд тус хотод байрлах хэт даврагчдын зэвсгийн агуулах болон 8 чухал обьектийг устгасан болохыг Оросын Батлан хамгаалах яамны сайд Сергей Шойгу, Ерөнхийлөгч В.Путинд явуулсан тайландаа дурьджээ.
НҮБ-д явуулсан Оросын тайланд дурьдснаар “Хэт даврагчдын 19 хуаран болон томоохон таван зэвсгийн агуулах, хэт даврагчдыг бэлддэг сургууль, сургалтын төв зэргийг устгасан” гэжээ.
Одоогоор хэдэн хэт даврагч амиа алдсан болохыг хараахан тогтоогоогүй байгаа гэнэ. Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассад бүхий л бололцоогоо ашиглан Орос улсад дэмжлэг үзүүлэхээ өчигдөр Ираны “Кабар” агентлагт өгсөн ярилцлагынхаа үеэр дурьдсан байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ