Барилгын тусгай зөвшөөрлийг 10 хоногт олгоно
2015-10-06

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг шийдлээ. Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 9 бүлэг 53 зүйлтэй. Төсөлд барилга байгууламжийг төвөгшлөөс нь шалтгаалан таван хэсэг хуваасан бөгөөд барилгын үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл олгох, тухайн барилгад зөвшөөрөл олгох асуудлыг шууд ангилалтай нь холбож өгсөн байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан байнгын хорооны гишүүдийн асуултад БХБ-ын сайд болон холбогдох албаны хүмүүс хариулсан юм.

 

УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар

 

-Яам төрийн бус байгууллагын хурдыг гүйцэх үү? Гурван жилийн баталгаат хугацааны асуудлыг хэрхэн зохицуулж байна вэ? Хуулийн төслийг боловсруулахдаа зам, эрчим хүч зэрэг хамтарч ажилладаг салбаруудын зохицуулалтыг яаж тусгасан бэ?

 

БХБ-ын сайд З.Баянсэлэнгэ:

 

-Төрийн байгууллагуудаа хэрхэн дэмжиж байгаа, бизнес эрхлэгчдэд ямар хүндрэл учирдаг талаар Дэлхийн банкны судалгаа байдаг юм билээ. Барилгын зөвшөөрөл авах үзүүлэлтээрээ дэлхийн 185 орноос 121 дүгээр байранд, зүүн Ази, номхон далайн бүсийн 24 орноос 21 дүгээр байранд орсон байна. Энэ нь барилгын тусгай зөвшөөрөл авахтай холбоотой ямар их чирэгдэл гаргаж байдаг нь харагдаж байна. Тусгай зөвшөөрөл олгох асуудлыг төрийн бус байгууллагаар гэрээлэн гүйцэтгүүлэх хэлбэр рүү оруулах талаар манай яам ярьж байна. Яам аж ахуйн үйл ажиллагаа явуулах биш бодлогын яам байя гэж тусгаж байна. Хуулийн төслийн гол агуулга нь яамыг аж ахуйн үйл ажиллагаанаас салгаж бодлогын чиглэл барихаар зорьж байна. Хувийн хэвшлийн нуруун дээр манай салбар явдаг. Өмнө нь тусгай зөвшөөрөл 28 хоногт олгогдог байсныг өөрчилж, 10 хоногт олгож байхаар тусгалаа. Эрчим хүч, автозамтайгаа уялдсан, чиг үүргийг нь тодорхой болгож өгсөн хууль.

 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

 

-Орон сууцны нэг давхарт цэцэрлэг барих нь стандартаараа хэр нийцэж байгаа вэ?

 

-Хуучин барилгыг нураах асуудлыг мэргэжлийн хяналтын дүгнэлтээр шийддэг. Хуучин хуулиар нураах асуудлыг шийдээгүй байдаг юм байна. Харин шинэ хуульд аймаг, нийслэлийн Засаг даргын шийдвэрээр буруутай этгээдээр хөрөнгө гаргуулан албадан буулгана гэсэн байдаг.

 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

 

-Германы ЭСЯ-ны өмнөх,танктай хөшөөний өмнөх, Тэнгис кино театрын өмнөх барилгуудын ажлыг зогсоосон. Хангай зочид буудлын барилга мөн балгас болсоор олон жил болж байна. Одоо эдгээр зогссон барилгуудыг яаж шийдэх гэж байна  вэ?  Асар их хэмжээний хөрөнгө зараад барьсан барилгуудыг зогсоогоод байлгаад байх юм.

 

Нийслэлийн Засаг даргын орлогч н.Очирбат:

 

-Тэнгис кино театрын өмнө баригдаж байсан барилга дээр осол гараад Шүүхийн шийдвэрээр үйл ажиллагааг нь зогсоосон. Асуудал нь шүүх дээр явж байгаа учир хотын захиргаа ямар ч арга хэмжээ авч чадахгүй байгаа.

 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

 

-Би дөрвөн барилга асуусан.  Нэгийг нь хариуллаа. Хот мэдэхгүй, яам мэдэхгүй бол хэн мэдэх вэ? Тэнд хүн асар их хөрөнгө, амь амьдралаа зориулаад босгосон хөрөнгийг олон жилээр царцааж байна. Хэн мэдэх юм.

 

БХБ-ын сайд З.Баянсэлэнгэ:

 

-Хуулийн зохицуулалтгүй явж ирсэн асуудал. Үүнийг одоо шинэ хуулийн төслөөр зохицуулан оруулж ирж байна. Манай яам журам гаргадаг. Нийслэлд яамнаас давсан журам гаргадаг. Жишээлэхэд газар хөдлөлөө гэхэд  барилга нурсан тохиолдолд нийслэл хариуцах уу, яам хариуцах уу гэдэг зохицуулалт өнөөдрийн мөрдөгдөж байгаа хуулиар байхгүй байна.  

 

Ийнхүү гишүүд асуулт тавьж, үг хэлсний дараагаар санал хураалт явууллаа. Гишүүдийн олонхийн саналаар барилгын хуулийн төслийн шинэчилсэн найруулын төслийг хэлэлцэхийг дэмжив.

 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин