Богдхан уулыг номонд ”дархаллаа”
2015-10-06

Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол хүндэтгэлийн арга хэмжээний хүрээнд “Дархан цаазат Богдхан уул” номын нээлт боллоо.

 

 

Номын нээлтэнд БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Ц.Ширэндэв, номын ерөнхий редактор СГЗ, зохиолч Л.Одончимэд нар оролцлоо.

 

Уг номонд Богдхан уулын ховор амьтан ургамал, байгалийн үзэсгэлэнт болон түүх, соёлын дурсгалт газрууд, археологийн олдвор,  түүхэн үйл явдлуудаас гадна Богдхан уулын дархан цаазат газрын үнэ цэнэ, түүнийг хамгаалах, арвижуулах зорилго, зорилт, хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх фото зураг, мэдээллүүд багтжээ. 

 

Богдхан уулыг онголон тахиж, дархлан хамгаалж ирсэн түүхийг судалгааны үндсэнд нарийн дэлгэрэнгүй дэлгэж, байгаль, газар нутаг, уул усаа онголон тахиж хамгаалахын ач холбогдол, байгалийн нөөц  баялгаа ашиглаж ирсэн түүхэн туршлагыг сэргээн сануулах зорилгоор уг номыг хэвлэсэн тухай Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Ц.Ширэндэв хэлж байв.

 

Уг ном нь найман бүлэгтэй бөгөөд Дархан цаазат болгосон түүх тайлга тахилга, Богдхан уулын түүх соёлын өв дурсгал, экосистем, хамгаалалтын захиргаа, үйл ажиллагааны зорилго, зорилт, аялал жуулчлал, экосистемд сөргөөр нөлөөлж буй нөлөөлөл, хууль эрхзүйн орчин гэсэн дэд хэсгүүдээс бүрджээ.

 

Г.Тэгшсүрэн

 

 

Shuud.mn
Сонин хачин