Бие даагч хэнд хэрэгтэй вэ?
2015-10-07

Бие даагчдын рейтинг сүүлийн үеийн судалгаануудаар байнга өндөр гарч байна. Түүнийг дагаад ирэх сонгуульд бие даан нэр дэвших хүсэлтэй “улстөрчид” олшрох төлөвтэй. Бараг аймаг, дүүрэг бүрт нэг бие даагч тодорчихсон, тойргоо ч онилчихсон  явна. 

 

Өнгөрсөн жилийн өдийд “Эс Ай Си Эй” компаниас гаргасан судалгаагаар бие даагчдын рейтинг зарим намынхаас өндөр гарч шуугиан тарьсан. Түүний дараахан  судалгаа хийсэн “МЕС”  компани ч ойролцоо дүгнэлтийг өгч байв. Олон нийтийн зүгээс үнэнд ойр, бодитой гэж үзсэн энэ судалгаагаар  УИХ-д суудалтай нам, эвслээс МАН-ын рейтинг 15-18 хувийн хооронд хэлбэлзэж, оны эхэнд 27 хувь байсан АН-ын рейтинг 14-д хүрч буурсан үзүүлэлттэй гарсан.

 

Мөн судалгаанд оролцсон иргэдийн зургаан хувийн итгэлийг хүлээж байсан МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн  үнэлэмж өсч 10 хувьд хүрсэн бол бие даагч гишүүд  10-16 хувийн рейтингтэй яваа нь  өмнөхөөсөө  буурсан ч бас  л өндөр үзүүлэлттэй гарч байв. Бие даагчдын рейтинг ийнхүү  суга өсч үүнийг дагаад бие дааж нэр дэвших сонирхолтнууд олширч байгаа нь хоёр талтай болохыг дээрх  судалгаа харуулж байгаа юм.  Ерөөс бие даагчдын рейтинг өндөр байгаа нь улс төрийн намууд дорой, дотооддоо  учраа олохгүй  албан тушаалын төлөө алалцаж байгааг харуулж байна. Намд итгэл алдарсан иргэд бие даагчдад  найдаад үзвэл хэмээн горьдох болсны илрэл.  Хоёрдугаарт,  намууд  дотооддоо хөлөө жийлцэхээрээ  иргэд, сонгогчдоо  хүндэлдэггүй, ард түмнээ ч  сонсдоггүйг өнгөрсөн явдлууд хангалттай харуулсан. Намын муухай нь төрийг муухай харагдуулж, төр биднийг сонсдоггүй гэсэн бухимдал нийгэмд нүүрлэсэн. Гэтэл  уулын мухарт малаа хариулж яваа өвгөн Дорж улс орон болохгүй байна гэж үглээд хэн ч сонсохгүй. Түүний үг төрд хүрэхгүй, хүртээл ч үгүй. Гэртээ орж эмгэндээ үглэхээс хэтрэхгүй.Тэгвэл Дорж өвгөний төрдөө хэлэх гээд байгаа үгийг бие даагчид  хэлж чадаад байгаад л хамаг учир байгаа юм.  Төр, засаг болохгүй,  ард түмэн хэцүү байна, цалин тэтгэврийг нэмэх хэрэгтэй, үргүй зардлыг багасгая, ажлаа хийж чадахгүй байгаа албан тушаалтнуудад хариуцлага тооцъё гээд л бие даагчид бүгдийг  шүүмжилдэг. УИХ-ыг ч, Засгийн газрыг ч  сөрж, эсрэг кноп дарж байгаа нь эцэстээ нөгөө төрд үгээ хүргэж чадахгүй уулын мухарт хонио хариулж яваа Дорж өвгөний загатнасан газрыг маажив  гэгч болж байна. Тэгэхээр “Ашгүй дээ,  бидний өмнөөс хэлчихлээ”, “Үнэнийг хэллээ, шударга байна” гээд санаа нь амардаг. Өөрөөр хэлбэл, бие даагчдын үг  ингэж бухимдсан нийгмийн тайтгарал, хямралын үеийн сэтгэл засал болж байна.  Тиймээс олон нийтэд   таалагддаг, дэмжлэг ч хүлээдэг. Харин тэр нь  хэрэгждэг үү,  үр дүн  гардаг  уу гэсэн асуултад тодорхой  хариу байдаггүй. Өнөөдөр  бие даагчдын шийдсэн асуудал, хийсэн ажил гээд гаргаад ирэх  юм алга. Тэгэхээр сайн тал нь бие даагчид бурууг ил тод   хэлж чаддаг. Муу тал нь  тэдний хэлсэн, ярьсан зүйл  ажил хэрэг болдоггүй.  Улс төр судлаачид энэ асуудлыг Үндсэн хуультай холбож үздэг юм билээ. Тухайлбал, МУИС-ийн Улстөр судлалын тэнхимийн  багш, доктор Ч.Өлзийсайхан “Улс төр, нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал”-ын тухай  нэгэн илтгэлдээ  өнөөгийн бүх гажуудал улс төрийн тогтолцооноос хамааралтайг онцолж байв. Гажуудлыг засахын тулд  Үндсэн хуульдаа том өөрчлөлт оруулж чаддаггүй юм гэхэд ядаж  ганцхан заалт оруулчихад олон зүйлийг шийдэж чадна гэдгийг тэрээр онцолсон. Тухайлбал,  ард нийтийн санал асуулга явуулахыг   ард түмэн өөрсдөө  шийднэ гээд Үндсэн хуульдаа  оруулчихвал муу хууль гарлаа гэхэд сольчих боломжтой юм. Төр засгийн юм уу, парламентын хийж өгөхгүй байгаа зүйлийг ард түмэн өөрсдөө мэдээд санал асуулгаараа шийдээд явчих боломж хаагдмал байгаа. Яаж нээлттэй болгох вэ гэдэгт улс төр судлаачид ийм дүгнэлт хийдэг юм байна.  Үнэхээр Үндсэн хуульдаа ард нийтийн санал асуулга явуулах эрхийг  суулгаад өгчихвөл бие  даагчдын хэлээд байгаа төр, засгийн алдаануудыг засах, шүүмжлээд байгаа зүйлүүдийг  хэрэгжүүлэх  боломж бүрдэхийг бас үгүйсгэхгүй.  Ард түмэн бие даагчдын хэлж байгаа, дэвшүүлж буй байр суурийг  зөв бодлого, шударга шүүмжлэл гэж үзвэл Үндсэн хууль дахь   ард нийтийн  санал асуулга явуулах эрхийн дагуу  түүгээрээ шийдээд явчихна.  

 

Тэгвэл  Үндсэн хуульд өөрчлөлт оруулах  ийм боломж өнөөдөр байна уу. Энэ асуудлыг үе үеийн парламент  ярьсаар ирсэн. 2012 оны сонгуулийн дүнд бүрдсэн УИХ  ч өөрийн бүрэн эрхийн хугацаанд “эцэг” хуульд гар хүрнэ хэмээн ярьсаар өнөө хүрэв.  Гэвч   Сонгуулийн хуулиа ч ярьж амжилгүй намрын чуулганаа эхлүүлснээс үзэхэд   юун Үндсэн хууль гэхээс өөр тайлбар алга. Үндсэн хуулийг засах найдлага энэ удаад ийнхүү төгсгөл болж байна.Тийм учраас  бие даагчид  үр дүнтэй ажиллаж чадахгүй нь ойлгомжтой. Яагаад гэвэл, тэдний ард хөтөлбөрийг нь  хэрэгжүүлээд явчих улс төрийн хүчин, нам  байхгүй.  Ирэх сонгуульд ч тэдэнд хэлснээ хэрэгжүүлэх  боломж  бас хомс.  Яагаад гэвэл тэд хэзээ ч олонх болж чадахгүй.  намаас нэр дэвшээгүй учраас 76 гишүүний тал нь бие даагч болдоггүй л  юм бол боломжгүй гэсэн үг. 76 гишүүний тал нь бие даагч болно гэдэг  бодит байдлаас хол асуудал гэдэг нь  бас ойлгомжтой. Учир нь тэд нэгдсэн зорилгын төлөө явж чадах уу.  Тиймээс шийдвэр гаргах төвшинд хүртлээ олон  болно гэдэг найдлага бага. Харин улстөрийн хүчтэй намд нэгдэж байж хэлсэн, ярьснаа  хэрэгжүүлэх боломж бүрдэж болох юм. Жишээ нь,  Л.Гүндалай 2000 оны сонгуульд  бие дааж нэр дэвшээд  гишүүн болж байв.  Тэр хэлдэг гишүүн байснаас хийдэг байгаагүй. Сүүлд нь АН-д орж  байж намын дэмжлэгтэйгээр хүүхдэд сар бүр мөнгө олгох  тухай ярьж байсан нь  хөтөлбөр болж  хэрэгжсэн. Тэгвэл өнөөдөр бие даагчид том намд элсээд мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломж байна уу.  Том намууд  бол байна. Харин  яваад ирсэн түүхийг нь, замнаад ирсэн замналыг нь олон нийт нэгэнт мэддэг болчихсон учраас толгой сэгсрэх болжээ. МАН, АН нийлээд МАНАН болдог, ямар нэгэн эрх ашгийн хуваарилалт хийхээрээ нэгддэг. Хийж дуусахаараа  салдаг. Тиймээс бидний төлөө үйлчлэхгүй  гэсэн тааруухан дүнг олон нийтийн зүгээс  тавьж  байгаа.  Тэгэхээр ард түмний төлөө явах, зүтгэх нам,  улстөрчид  нэгдэж нийлж байж л улс орноо засч чадах байх гэсэн гоьдлого юм уу найдлага дээр сонгогчид төвлөрөх нь дамжиггүй. Бие даагчдын хувьд бие даан  нэр дэвшлээ гэхэд парламентад суудал авч болно. Санал гаргаж болно. Гэтэл мөрийн хөтөлбөргүй. Байлаа гэхэд  тэрийг нь хэрэгжүүлэх улстөрийн хүчин байхгүй учраас боломжгүй гэсэн дүр зураг харагдаж байгаа юм. Тэгвэл тэд  хэнд хэрэгтэй вэ. Хэлдэг, хийдэггүй, гэхдээ хүмүүст таалагддаг болохоор тэд  өөрсдөдөө л хэрэгтэй юм уу даа. 2012 оны сонгуулиар УИХ-ын гишүүн болсон бие даагчдаас энэ байдлыг харж болно. Тэдэнд эрх баригчдаас аль нэг томоохон аж ахуйн нэгж, улсын үйлдвэрийн газар агентлагийг “бэлэглэсэн” тухай ярьдаг, бичдэг. Нөгөөтэйгүүр, бие даагч гэх шуудайд хийсэн “үхрийн эвэр”-тэй болчих  вий, ийм “эвэр” олшрох вий  гэсэн болгоомжлол нийгэмд бас  байна. Хувийн тоглолт хийж тал тал тийшээ үсчээд байдаг, ажил хийж бодлого хэрэгжүүлдэг нь цөөрвөл улс орон юу болж хувирах вэ. Үүний хамгийн сонгодог жишээг  Л.Гүндалай, Б.Жаргалсайхан нар саяхан харуулсан. Хэн хэн нь бие дааж улс төр хийх гээд эсрэгээрээ баларсан. Эртний хаадын үед ордны салбадай гэж янз бүрийн үг хэлж, дүр төрх гаргаж хүмүүсийг хөгжөөдөг тусгай хүмүүс байсан шиг  манай Төрийн ордонд ч гэсэн гэсэн  алга ташуулдаг, инээлгэдэг салбадай олшрох вий.

 

Түүнчлэн аливаа доройтож буй улс оронд хошин урлаг хүчээ авдгийн адилаар улс төрийн дампууралд хүрч, парламентат төрийн жишиг стандарт алдагдсанаар бие даагчид ийнхүү “хаданд гарч” байна гэх үгийг учир мэдэх улс хэлээд эхэлжээ.

 

Ч.ҮЛ-ОЛДОХ

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
бие даан нэр дэвшигч луйварчид хэнд ч хэрэггүй
2020-04-29
Зочин:
biy daagchid bol hugjliin tugjee shu.yadag ch bsan uls orniig ted bish tom uls turiin huchin sain ch muu ch avch yavdag yum.
2015-10-07
Зочин:
bie daagchidad shiidver gargah erh medliig n ug tegeed xar yamarch bsan gadniihand ulsaa hudaldahgui gedegt itgedeg
2015-10-07