Малын удмын санг хамгаална
2015-10-07

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан  гишүүдийн 57,9 хувийн ирцтэй эхлэв. Хуралдаанаар эхлээд Мал, амьтны эрүүл мэндийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

 

Хуулийн төсөл санаачлагчийн илтгэлийг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа танилцуулсан. Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалахтай холбогдсон харилцааг 1993 онд баталж, 1995, 1996, 2010, 2011 онд нэмэлт өөрчлөлт оруулж, 2001, 2007 онд шинэчлэн найруулсан “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай” хуулиар зохицуулж байна. Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийн байдалд дотоод, гадаадын байгууллагаас өгсөн үнэлгээ, зөвлөмжийн дагуу Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төслийг шинэчлэн боловсрууллаа. Хуулийн төслийг боловсруулахдаа мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах зорилт, төрөөс баримтлах зарчмыг шинээр тодорхойлсны зэрэгцээ хуулийн үйлчлэх хүрээг өргөжүүлж мал эмнэлгийн байгууллагын үйл ажиллагааг нийтийн эрүүл мэндийг хамгаалах, мал, амьтны гаралтай бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, олон улсын худалдаанд үүсч байгаа хориг саадыг арилгахад чиглүүлэх зорилго тавин ажилласан. Мал, амьтны халдварт өвчин гарсан тохиолдолд түүнийг эрт илрүүлэх явдал хамгаас чухал байдаг тул халдварт өвчингүй тайван байдлыг баталгаажуулах тандалт шинжилгээ хийх, өвчний сэжиг илэрсэн үед шуурхай арга хэмжээ хэрэгжүүлэх, оношийг баталгаажуулан нийтэд мэдээлэх, хорио цээр, хязгаарлалтын бүс тогтоох, уг бүсэд цогц арга хэмжээ хэрэгжүүлэх асуудлыг хуулийн төсөлд шинэчлэн тусгаж, мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагаанд оролцогчдын үүрэг, хариуцлагын зааг ялгаар илүү тодорхой болгож өгсөн гэдгийг салбарын сайд танилцуулгадаа дурдав. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж санал хэлсэн юм.

 

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

 

-Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай, Малын индексийн тухай гээд нэлээд олон хууль өмнө нь гарсан. Хууль олон болоод ирэхээр сөрөг үр дагавар гардаг. Иймээс одоо мөрдөж буй хуулиндаа нэмэлт оруулж, чамбайруулаад явах нь зүйтэй.

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

 

-Монгол Улс бол нүүдлийн мал аж ахуйн орон. Хотонд нь зээр ороод ирдэг, зээр, хонь, ямаан сүрэг нийлээд явдаг хагас зэрлэг мал аж ахуйг дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдэхгүй. Монгол малын эрүүл мэндийн асуудлыг ярих гэж байгаа бол монгол аж ахуйдаа тохирсон, монголын хөрсөнд буусан малын эрүүл мэндийн системийн тухай ярих хэрэгтэй. Малаас хүнд халдварладаг маш олон тооны өвчин байгаа. Эцсийн дүндээ эрүүл монгол хүний асуудлын тухай яригдах ёстой. Хувийн хэвшил дээр тулгуурласан анхан шатны мал эмнэлгүүдийг хүчтэй болгох хэрэгтэй. Хуучин системийн үед мал эмнэлгүүдийн бааз суурь төрд түшиглэж, төр санхүүжүүлж явж ирсэн. Иймд хуучны системээс сайн зүйлийг нь буцааж авах чиглэл барих, Дэлхийн эрүүл мэндийн тавьсан стандартаас авах зүйлийг нь авсан шиг авах хэрэгтэй. Ингэхдээ нүүдлийн мал аж ахуйн хагас зэрлэг орон гэдгээ хэзээ ч мартаж болохгүй.

 

УИХ-ын гишүүн Су.Батболд:

 

-2007 онд батлагдсан Малын удмын сан, эрүүл мэндийн хамгаалах тухай хуулийг шинэчлэхээр 10-аад жилийн дараа оруулж ирж байна. Энэ бол олон улсын экспертүүд, үндэсний судлаачдын саналыг авч нэлээд олон жил боловсруулж хэд хэдэн Засгийн газар дамжиж оруулж ирж байгаа хуулийн төсөл. Гишүүдийн гаргаж байгаа санал, шүүмжлэлийг ажлын хэсэг хүлээж авах хэрэгтэй. Мал эмнэлгийн тогтолцоог олон улсын жишигт ойртуулах зайлшгүй шаардлагатай.

 

Гишүүд асуулт асууж, санал хэлсний дараа хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих нь зүйтэй гэсэн санал хураалт явуулав. Байнгын хорооны гишүүдийн  76,8 хувийн саналаар уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.

 

Үүний дараа 2015 оны намрын ургац хураалтын талаар салбарын сайдын мэдээллийг сонсов. 2015 онд улсын хэмжээгээр 389.3 мянган га-д үр тариа, үүнээс 360.7 мянган га-д будай, 12.5 мянган га-д төмс, 7.1 мянган га-д хүнсний ногоо, 78.5 мянган га-д тосны ургамал, 19.5 мянгаг га-д тэжээлийн ургамал, 5.4 мянган га-д эмийн ургамал, нийтдээ 512.3 мянган га-д тариалалт хийсэн байна. Урьдчилсан балансаар 265.0 мянган тонн үр тариа, үүнээс 252.3 мянган тонн буудай, 117.3 мянган тонн төмс, 75.3 мянган тонн хүнсний ногоо, 28.7 мянган тонн тосны ургамал, 53.9 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авч гурил үйлдвэрлэлд 186.3 мянган тонн буудай нийлүүлэх төлөв гарчээ. Төмс, хүнсний ногооны хураалт 8 дугаар сарын 25-наас, үр тариа, тэжээлийн таримлын хураалт 9 дүгээр сарын 08-наас жигдэрч эхэлсэн гэв.

 

10 дугаар сарын хоёрны  байдлаар улаанбуудайн хураалт 37.6 хувьтай, төмсний хураалт 75.6 хувьтай, хүнсний ногооны хураалт 74.7 хувьтай явагдаж байгаа аж. Нийтдээ 108.3 мянган га-гаас 92.0 мянган тонн буудай, 9.2 мянган га-гаас 112.5 мянган тонн төмс, 4.8 мянган га-гаас 52.8 мянган тонн хүнсний ногоо, 10.8 мянган га-гаас 16.5 мянган тонн тэжээл, 8.2 мянган га-гаас 4.4 мянган тонн тосны ургамал тус тус хураан авчээ. Ургац хураалтын талбайн ажлыг 10 дугаар сардаа багтаан дуусгах төлөвлөгөөтэйгээр ажиллаж байгаа юм байна.

 

Сайдын мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж санал хэлсэн. Гишүүдийн зүгээс нэг цонхны бодлогоор импортын улаан буудай оруулж ирэх асуудал болон газар тариалангийн хөрс, бэлчээрт цаг агаарын огцом өөрчлөлт хэрхэн нөлөөлж байгаа асуудлыг хөндсөн юм.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ууланд адуу янцгааж байхад талд илжиг тожигноно гэж үнэн юм .
2015-10-07
Зочин:
Энхээ сэтгүүлчээ. Ах нь чамд нэг зөвлөгөө өгье. Малын удмын сан гэдэг чинь эр, эм хоёр эс нийлэхээс үхэхийг хүртэлх хөгжил, түүнд суурилсан аж ахуй эрхлэхийг хэлдэг юм. Мал, амьтны эрүүл мэнд гэж төрлөө олсон үеэс үхэх хүртэлх эрүүл байх асуудлыг хэлдэг юм. Энэ дээрхи хууль чинь мал,амьтны эрүүл мэндийг нь, гол нь мал, амьтны өвчнөөс хүнээ хамгаалах, эрүүл хүнс идэх харилцааг зохицуулсан хууль байгаа юм. Мөн ч олон жил хүлээлээ дээ. Ниргэсэн хойно нь хашгирч л байна даа. Одоо хууль хэрэгжүүлэх обьект нь байхгүй болсон. Шинээр л бий болгоно доо. Ардчиллын буянаар нэг том салбар нь устаад, дахин байгуулах их ажил эхлэх юм шиг байна.
2015-10-07
Зочин:
yun mal hunii udam geej maluudaa
2015-10-07
Зочин:
ууланд адуу янцгааж байхад талд илжиг тожигноно гэж үнэн юм .