Хятадын Батлан хамгаалахын сайдын айлчлал эхэллээ
2015-10-08

 

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонгийн урилгаар БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд, хурандаа генерал Чан Ваньцюанийн манай улсад хийх айлчлал өнөөдөр эхэллээ. Түүнийг ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа тэргүүтэй БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд "Чингис хаан" олон улсын нисэх буудлаас тосон авсан юм.

 

Хурандаа генерал Чан Ваньцюань өнөөдөр Монголын Улсын Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонтой Батлан хамгаалах яаманд уулзаж, албан ёсны хэлэлцээ хийх юм байна. Мөн "Тусламжийн хэлэлцээр"-т гарын үсэг зурахаар товложээ. Тэрбээр айлчлалынхаа хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхий сайдад бараалхаж, БХИС-д зочилно.

 

Чан Ваньцюанийг дагалдаж Бээжингийн цэргийн тойргийн Улс төрийн комиссарын орлогч дарга, дэслэгч генерал Гао Дунлу, Шинжааны цэргийн тойргийн Улс төрийн комиссар, хошууч генерал Ли Вэй, Цэргийн төв зөвлөлийн Тамгын газрын орлогч дарга, хошууч генерал Ван Аньлун, Батлан хамгаалах яамны Гадаад харилцааны Ерөнхий газрын орлогч дарга, хошууч генерал Зи Гуовэй нарын төлөөлөгчид ажиллаж байна.

 

БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд, хурандаа генерал Чан Ваньцюань тэргүүтэй БНХАУ-ын цэргийн төлөөлөгчидийн энэ удаагийн айлчлал нь 15 жилийн дараа БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаагаар онцлог юм. Энэ удаагийн айлчлалын үеэр талууд батлан хамгаалах салбарын харилцаа хамтын ажиллагаа, цэрэг техникийн хамтын ажиллагаа, буцалтгүй тусламж дэмжлэг, боловсон хүчний сургалт, энхийг дэмжих ажиллагаа, батлан хамгаалах аж үйлдвэр, соёл спортын цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр өргөн хүрээний яриа, хэлэлцээр хийх юм.

Shuud.mn
Сонин хачин
Guilaga l guihiimdaa
2021-10-14
saihan bn:
Manaid iim huchirheg ulsiin said irj bgaa ni saihan bn tavtai morilooroi.
2015-10-08