Батлан хамгаалахын сайд нар хамтарсан хэлэлцээ хийлээ
2015-10-08

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонгийн урилгаар БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд, хурандаа генерал Чан Ваньцюанийн манай улсад хийх айлчлал өнөөдрөөс эхэллээ. Чан Ваньцюанийг дагалдаж Бээжингийн цэргийн тойргийн Улс төрийн комиссарын орлогч дарга, дэслэгч генерал Гао Дунлу, Шинжааны цэргийн тойргийн Улс төрийн комиссар, хошууч генерал Ли Вэй, Цэргийн төв зөвлөлийн Тамгын газрын орлогч дарга, хошууч генерал  Ван Аньлун, Батлан хамгаалах яамны Гадаад харилцааны Ерөнхий газрын орлогч дарга, хошууч генерал Зи Гуовэй нарын төлөөлөгчид ажиллаж байна.

 

Хурандаа генерал Чан Ваньцюань өнөөдөр Монголын Улсын Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон нар Батлан хамгаалах яаманд уулзаж, албан ёсны хэлэлцээ хийж, "Туслалжийн хэлэлцээр"-т гарын үсэг зурлаа.

 

Хоёр улсын Батлан хамгаалахын сайд нарын уулзалт, хэлэлцээрт Монголын талаас БХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батсайхан, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа, ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай, БХЯ-ны  ГХАГ-ын дарга, бригадын генерал Ч.Сосорбарам, БХЯ-ны СБТГ-ын дарга, хурандаа Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын БСТГ-ын дарга, бригадын генерал Ж.Бадамбазар нарын төлөөлөгчид оролцов.

 

2013 онд “Цэрэг, техникийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг байгуулсан нь батлан хамгаалах салбарын харилцааг шинэ шатанд гаргасан үйл явдал болсон билээ. Энэхүү хэлэлцээрийн хүрээнд цэргийн боловсон хүчнийг сургаж бэлтгэх, хамтарсан сургалт, дадлагыг зохион байгуулах, зэвсэглэл, техник, сэлбэг хэрэгслийн чанар байдлыг сайжруулах зэрэг олон асуудлын талаар талууд идэвхтэй хамтран ажиллах боломжийг нээж өгсөн тухай ярьсан.

 

Монгол, Хятадын батлан хамгаалах салбарын харилцаа нь хоёр орны нийтлэг ашиг сонирхол, ард түмнүүдийн найрсаг харилцаа, итгэлцэлд тулгуурлан эрчимтэй урагшлан хөгжиж байна. Хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа бүх түвшний харилцан айлчлал хийх, зөвлөлдөх уулзалт зохион байгуулах, цэргийн боловсон хүчин сургах, энхийг сахиулах, байгалийн гамшгийг арилгах чиглэлээр хамтарсан сургууль явуулах зэрэг хэлбэрээр амжилттай хөгжиж байна.

 

Ийнхүү хоёр талын уулзалт, хэлэлцээ нь батлан хамгаалах салбарын харилцаа хамтын ажиллагаа, цэрэг техникийн хамтын ажиллагаа, буцалтгүй тусламж дэмжлэг, боловсон хүчний сургалт, энхийг дэмжих ажиллагаа, батлан хамгаалах аж үйлдвэр, соёл спортын цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр өргөн хүрээнд боллоо. Энэ удаагийн айлчлал нь 15 жилийн дараа БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаагаар онцлог юм.

 

БНХАУ-ын сайд, хурандаа генерал Чан Ваньцюань маргааш Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхий сайдад бараалхаж, БХИС-д зочлохоор төлөвлөжээ.

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Turiin nariinii yyreg gyicetgegch Batsaihan. Erunhii saidiin zuvluh baisan nuhur mun yy
2015-10-09