Хөршийн харилцаанаас ахан дүүсийн харилцаанд шилжсэн Новосибирск
2015-10-09

 

  • Ах дүү хот боллоо.
 
ОХУ-ын Новосибирск хотын Захирагчийн урилгаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл  энэ сарын 5-6-ны өдрүүдэд  албан ёсны айлчлал хийлээ.  Айлчлалын эхэнд хотуудын дарга нар уулзаж, хоёр хотын цаашдын харилцаа,  хамтын ажиллагааны талаар санал солилцов. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Новосибирск хотын дарга Анатолий Локотийг хүлээн авч уулзаж байгаад нь талархаад “Бид Новосибирск хоттой онцгой харилцаатай. Яагаад ингэж хэлж байгаа вэ гэхээр Улаанбаатар хотыг эсгий хотоос орчин үеийн хот болгох их бүтээн байгуулалтын ажилд Новосибирскийн барилгачид маш их үүрэг гүйцэтгэсэн. Тиймээс бид Та бүхнийг Улаанбаатар хотын Гэр хорооллын дахин төлөвлөлт, төвлөрсөн бус дулаан хангамж, хуучин барилга байгууламжийн засвар шинэчлэлийн ажилд хамтран ажиллах хүсэлтэй байна. Новосибирск бол Сибирийн шинжлэх ухаан, технологи, аж үйлдвэр, ложистикийн томоохон төв. Бид технологийн шинэчлэл, үйлдвэрлэл, тээвэр ложистик гээд бүх чиглэлд хамтран ажиллах хүсэлтэй байна” гэлээ. Новосибирск хотын дарга Анатолий Локоть Засаг даргыг хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд “Та бүхэн хамтран ажиллах тодорхой төслүүдтэй ирсэнд баярлаж байна. Одоо ажил хэрэг болгох л чухал. Хөрөнгө оруулагчид байгаа тул тодорхой төслүүд дээрээ ажлын хэсэг байгуулан шууд ажилдаа оръё. Ажлаа эхэлье” гэсэн юм. Уулзалтын дараа “Улаанбаатар хот Новосибирск хоттой ах дүүгийн найрамдалт холбоо тогтоосон баримт бичигт хоёр хотын дарга гарын үсэг зурав.
 
  • Новосибирск хотын Депутатуудын зөвлөлийн дарга Д.В.Асанцевтэй уулзав
 
ОХУ  Новосибирск хотын Депутатуудын зөвлөлийн дарга Д.В.Асанцев Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Бат-Үүлийг хүлээн авч уулзав. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл хүлээн авч уулзаж байгаад нь ноён Д.В.Асецевт талархаж байгаагаа илэрхийлээд, НИТХ-ын дарга Д.Батулгын мэндчилгээ, урилгыг дамжуулсан юм. Мөн Засаг даргын зүгээс ч ноён  Д.В.Асанцевыг Улаанбаатар хотод айлчилж, хоёр хотын цаашдын харилцаанд бодлогын дэмжлэг үзүүлэхийг хүссэн. Тэрээр урилгыг талархан хүлээж авсан бөгөөд Улаанбаатар хоттой бодлогын түвшинд хамтран ажиллахаа илэрхийллээ. Ноён  Д.В.Асанцев 1968 онд төрсөн бөгөөд  Монгол Улсад цэргийн алба хаасан тухайгаа бахархан ярьсан юм. ОХУ  Новосибирск хотын Депутатуудын зөвлөл нийт 50 депутат, 9 хороотойгоор ажлаа явуулдаг юм байна. Ноён Д.В.Асанцев Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн хуучин барилгуудыг сэргээн засварлах, гэр хорооллыг төвлөрсөн бус дулаанаар хангах,  мах, сүү, арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэл, шинжлэх ухаан, технологийн чиглэлээр хамтран ажиллах саналыг дэмжин ажиллахаа илэрхийллээ.
 
  • “Хөрөнгө оруулалтын чуулга уулзалт-2015” бизнес форумыг Новосибирск хотод зохион байгууллаа.
 
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн албан ёсны айлчлалын хүрээнд бизнес эрхлэгчдээ бодлогоор дэмжих, хөрөнгө оруулагч, түнш олж өгөх, тэднээр дамжуулан эдийн засгийн шинэ боломжуудыг нээх, үндэсний үйлдвэрлэлийг гадаадад сурталчлах, хөдөө аж ахуйн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зорилго бүхий  “Хөрөнгө оруулалтын чуулга уулзалт-2015” бизнес форумыг Новосибирск хоттой хамтран зохион байгууллаа. Форумд манай талаас 12 аж ахуйн нэгжийн 20 гаруй төлөөлөгч оролцсон бөгөөд өөрсдийн үйл ажиллагаа,бүтээгдэхүүнийг танилцууллаа. Манай бизнес эрхлэгчдийн зүгээс үйлдвэрлэлээ өргөжүүлэх, хөрөнгө оруулалт татах, бараа бүтээгдэхүүнээ ОХУ-ын зах зээлд гаргах зорилгоор сурталчилгаа таницуулгаа хийж байлаа. Сэрүүн бүсийн бизнесс эрхлэгчид манай ноос ноолуур, арьс шир,  мах махан бүтээгдэхүүнийг илүүтэй сонирхож, барилга, хот байгуулалт, эмнэлэг,  боловсрол, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах түншээ идэвхитэй хайж байлаа. ОХУ Армениас  мах, махан бүтээгдэхүүн импортолдог бөгөөд тээврийн хувьд бэрхшээл тулгардаг байна. Тиймээс Улаанбаатар хотоос мах махан бүтээгдэхүүн импортлох хүсэлтэй байгаагаа илэрхийлж байлаа.  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл  ОХУ-ын  ерөнхийлөгч В.В.Путины Монгол Улсад айлчлахдаа үзэглэсэн “Стратегийн баримт бичиг”-ийн хүрээнд нийслэлд  “Мал эмнэлэгийн төв” барьж, лабраторийн түвшинд хамтран ажиллах нь 51 сая малтай Монгол орны хувьд мах махан бүтээгдэхүүнийг экспортлоход чухал түлхэц болно гэдгийг онцолж байлаа.

Форумын үеэр боловсрол, аялал жуулчлал, эмнэлэг, барилга, хөдөө аж ахуй, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах нийт найман “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.  “Улаанбаатар хотын хуучин орон сууцны хорооллын байрнуудын гадна дулаалга, цахилгаан шатыг шинэчлэн солих ажлыг хийж гүйцэтгэх тухай” санамж бичигт Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд  Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал, Новосибирск хотын Эрчим хүчний хорооны дарга М.А.Грехов нар гарын үсэг зурав. Ингэснээр хуучин ЗХУ-ын үед Улаанбаатар хотод баригдсан тав, ес, арванхоёр давхар нийт 1700 угсармал  барилгыг сэргээн засварлах ажлыг Новосибирскийн барилгачид эхлүүлэхээр боллоо. Эхний удаад ашиглалтын хугацаа нь дуусч, их засвар хийх шаардлагатай 3, 4 дүгээр хорооллын байруудыг засахаар 2 тал тохиролцжээ.

Форумд нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Нарантуяа “Улаанбаатар хотын хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, төсөл хөтөлбөрүүд”, нийслэлийн орон сууцны корпорацийн захирал Б.Тэлмэн “Нийслэлийн орон сууцны хөтөлбөр, төслүүд” сэдвээр тус тус танилцуулга хийлээ. Тус форумд оролцсон Новосибирскийн бизнес эрхлэгчид тодорхой төслүүдэд хамтран ажиллах, өөрсдийн хөрөнгөөр эхний загвар ажлуудыг гүйцэтгэхээ илэрхийлж байсан нь энэхүү бизнес уулзалт эрэлт хэрэгцээтэй, ажил хэрэгч, өндөх ач холбогдолтой, үр дүнтэй байсныг илтгэж байлаа.
 
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч “Итар тасс” агентлагт ярилцлага өглөө
 
ОХУ-ын Новосибирск хотын даргын урилгаар  албан ёсны айлчлал хийж байгаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл  Новосибирскийн “Итар тасс” агентлагийн нэвтрүүлэгт оролцож сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Тэрээр ярилцлагынхаа үеэр орчин цагийн Улаанбаатар хотыг бий болоход хуучин ЗХУ-ын мэргэжилтнүүд, тэр дундаа Новосибирскийн барилгачдын оруулсан хувь нэмрийг дурьдаад  хоёр хотын ахан дүүсийн харилцаа илүү бүтээлч, шинжлэх ухаанч, харилцан эдийн засгийн үр ашигтай байна гэдэгт итгэж байгаа илэрхийлсэн юм. Новосибирск бол Ази Европыг холбосон хамгийн том тээвэр ложистикийн төв.
 
  • Төвлөрсөн бус дулаан хангамжийг нийслэлийн гэр хороололд туршина
 
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл айлчлалынхаа хүрээнд Новосибирск хотын Сиб Техно Маш үйлдвэрээр зочиллоо. Тус үйлдвэр нь байгуулагдаад 15 жил болж байгаа бөгөөд индукцийн аргаар дулааны эрчим хүч үйлдвэрлэх технологийг ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Энэ нь төвлөрсөн инженерийн шугамд холбогдоогүй барилга байгууламж, объектийн дулаан хангамж, халуун усны асуудлыг шийдэх, осол аваарын үед нөөц  хэрэгцээг хангах зориулалттай юм. Тус үйлдвэр  бүтээгдэхүүнээ Польш, Укбекстан, Тажикстан, Казахстан, Туркменестан зэрэг 16 оронд экспортолдог байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл тус үйлдвэрийн бүтээгдэхүүнийг ихэд олзолж,  нийслэлийн гэр хороололд туршиж үзэх, судалгаа хийх талаар  албаны хүмүүст үүрэг өглөө. Хэрэв эдийн засгийн болон суурилуулалтын судалгаа эерэг гарах юм бол гэр хорооллын дулаан хамгамжийг хэсэгчилсэн байдлаар шийдэх боломж бүрдэх юм.
 
  • Хөдөө аж ахуйн салбарт шинжлэх ухааны технологийг нэврүүлнэ
 
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл айлчлалынхаа хүрээнд Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлт, дулаан хангамж,  хуучин барилгын шинэчлэлээс гадна шинжлэх ухаан, мал эмнэлгийн салбарт хамтран ажиллах талаар онцгой байр суурьтай байв. Тэрээр Сибирийн ХАА-н академи-д зочлохдоо нийслэлд  “Мал эмнэлэгийн төв” барьж, хойд хөршид мах экспортлох хүсэлтэй байгаа илэрхийлсэн юм. Үүний хариуд тус академийн захирал А.С.Донченко “Бид та бүхэнтэй хамтран ажиллахдаа баяртай байна. Та нарт бидний туслалцаа хэрэгтэй байгаа бол бидэнд бас та нараас хүсэх юм бий. Танай орны цаг агаарын тэр  хатуу ширүүн нөхцөлд тийм бага хоол идээд мах, сүү өгдөг танай малын чанарыг бид судлах сонирхолтой байна. Ялангуяа сарлаг, хайнагийг их сонирхож байгаа” гэсэн юм.
 
  • Ажил хэрэгч, найрсаг,  өндөр үр дүнтэй айлчлал боллоо.
 
Ийнхүү Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн ОХУ-ын Новосибирск хотод хийсэн албан айлчлал маш ажилч хэрэгч байдалд өндөр үр дүнтэй боллоо гэж талууд дүгнэлээ.
Новосибирск бол Монголчуудтай уламжлалт сайн хөршийн  харилцаатай, цаг агаарын хувьд ижил төстэй, Сибирийн бүсийн аж үйлдвэр, шинжлэх ухаан, тээвэр ложистикийн зангилаа хот юм. Тус хот газарзүйн байрлалын хувьд ОХУ-ын төв хэсэгт 503,1 кмкв талбайг эзлэн оршдог 1 300 000 хүн амтай, ОХУ-даа газар нутгийн болон хүн амын тоогоороо эхний гуравт ордог том хот юм. Новосибирск хотод шинжлэх ухааны судалгааны, зохион бүтээх технологи болон төслийн хүрээлэнгүүдээс бүрдсэн  ОХУ-ны ШУА-ийн 3 тусгай салбар нь байдаг юм байна.
Засаг даргын айлчлалын хүрээнд Новосибирск Улаанбаатар хотуудын уламжлалт найрсаг хөршийн харилцаа “Ах дүү хот”-ын харилцаагаар солигдож, талууд харилцан “Төлөөлөгчийн газар”-аа нээх, бүх салбарт тодорхой төслүүд дээр хамтран ажиллах тохиролцоонд хүрлээ. Новосибирск хотын дарга ноён А.Е.Локотийн хэлсэнчлэн яриа хэлэлцээрээ цаг алдалгүй ажил хэрэг болгохыг ажлын хэсгийн дарга, НИТХ-ын төлөөлөгч Б.Энх-Амгаланд даалгалаа гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Shuud.mn
Сонин хачин