Сирид 300 мянган хүн амиа алджээ
2015-10-12

Сири улсад 2011 оны долоодугаар сард олон мянган хүн өнөөгийн Ерөнхийлөгч Башар аль Ассадыг огцрохыг шаардаж, эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан билээ. Засгийн газар жагсаалыг хүчээр тараахыг оролдож, хүч хэрэглэснээс болж, тус улсад иргэний дайн дэгдсэн юм.

 

Иргэний дайны улмаас Сири танигдахын аргагүй өөрчлөгдөж, энгийн иргэдийн хувьд аюултай улсаар нэрлэгдэх болсон. Өнгөрсөн оноос Ойрхи Дорнодод хяналтаа тогтоохыг санаархаж буй “Халифын вант улс” бүлэглэлийн дайчид тус улсад нэвтэрч, алан хядлага, хүчирхийлэл үйлдэх болсон билээ.

 

Дэлхийн II дайны дараах буюу XXI зуунд дэгдсэн хамгийн том хямрал хэмээн нэрлэгдэж буй Сирийн иргэний дайны уршгаар өнөөдрийн байдлаар 300 мянган хүн амиа алдсан тухай “CNN” агентлаг мэдээллээ. Амиа алдагсдын ихэнх нь бага насны хүүхдүүд аж. Мөн хэт даврагчид болон эдийн засаг, өлсгөлөн зэргээс шалтгаалан гурван сая иргэн Сирийг орхин гарчээ.

 

АНУ-ын Засгийн газраас мэдээлснээр “2014 оны долоодугаар сараас Сирид амиа алдагсдын тоо нэмэгдэх болсон. Мөн 14 хоногийн өмнөөс Оросууд Сирид агаараас цохилт өгөх боллоо. Оросоос болж амиа алдагсдын тоо эрчимтэй нэмэгдэх хандлагатай байгаа” гэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин