Засгийн газар ”МАК”-тай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулна
2015-10-13

Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар хоёр томоохон төслийн хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах шийдвэр гаргажээ. Тодруулбал “Цагаан суваргын уулын баяжуулах үйлдвэр” болон “Хөх цавын цемент-шохойн үйлдвэр” төслийн Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах асуудал тодорхой болжээ.

 

 

“Цагаан суваргын уулын баяжуулах үйлдвэр” төслийн хөрөнгө оруулалтын гэрээнд Уул уурхайн сайд Р.Жигжид болон “Монголын алт” ХХК-ийн төлөөлөл гарын үсэг зурна. УИХ-ын шийдвэрээр “Цагаан суварга” зэс, молибденийн ордод төр хувь эзэмших шаардлагагүй гэж үзсэн. Тиймээс “Монголын алт” ХХК хөрөнгө оруулалтаа бүрэн хариуцахаар болжээ.

 

Дорноговь аймгийн Мандах сумын нутагт орших Цагаан суваргын ордыг түшиглэн хөвүүлэн баяжуулах дэвшилтэт технологи бүхий зэсийн болон молибденийн баяжмал үйлдвэрлэх уулын баяжуулах үйлдвэр байгуулах төслийг 2001 оноос хэрэгжүүлж эхэлсэн юм. Цагаан суваргын үйлдвэр дээд хүчин чадлаараа ажиллахад жилдээ 14.6 сая тонн хүртэл хүдэр боловсруулж, 310 000 тонн зэсийн, 4 000 тонн молибденийн баяжмал үйлдвэрлэнэ. Уг төсөл хэрэгжиж эхэлснээр Монгол Улсад татвар хураамж хэлбэрээр нийтдээ 3.3 их наяд төгрөг буюу жилд дунджаар 185 тэрбум төгрөг төвлөрүүлэх тооцоо хийжээ. Төсөл хэрэгжсэнээр 1000 гаруй монгол иргэн ажлын байртай болно.

 

Харин “Хөх цавын цемент-шохойн үйлдвэр” төслийн хөрөнгө оруулалтын гэрээнд Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат гарын үсэг зурна. Хөрөнгө оруулагч нь мөн Монголын алт” ХХК юм.

 

 “Монголын алт” ХХК Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт орших Хөх цавын шохойн чулууны ордыг түшиглэн цемент, шохой болон клинкер үйлдвэрлэх хуурай аргын дэвшилтэт технологи бүхий үйлдвэр байгуулах төслийг 2012 оноос хэрэгжүүлж эхэлжээ. Хөх цавын цемент-шохойн үйлдвэр жилдээ 900 000 тонн чулуунцар, РС 62.5, ОРС 52.5, ОРС 42.5 төрлийн  1 045 000 тонн цемент, 100 000 тонн барилгын болон металургийн сайн чанарын шатаасан шохой үйлдвэрлэнэ. Төсөл хэрэгжиж эхэлснээр татвар, хураамж хэлбэрээр улсад нийт 961.9 сая ам.доллар буюу жилд дунджаар 32.1 сая ам.доллар төвлөрүүлж, 500 орчим монгол иргэн ажлын байртай болно гэсэн тооцоог хийжээ. 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Мааньтийн дундад зууны уеийн аймшигт хорт утаа ялгпруулагч шохой шатааж буй зуухнуудыг хаагаач ээ. Фашизмын олноор хорих лагерь хун шатаах зуух ч ийм байгаагуй
2015-10-14
zochin:
gadnii khumuust ugukhuur uuriin khurungu oruulagch nartaa ugsun ni deeree.
2015-10-13