Засгийн өрийг нэмэгдүүлэхгүй байхыг зөвлөв
2015-10-13

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн   хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдлээ.  Тогтоолын төслийг  Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал танилцууллаа.

 

Энэ удаагийн мөнгөний бодлогын үндсэн зорилт нь эдийн засгийн урт хугацааны тогтвортой өсөлтийн суурь болох макро эдийн засгийн шинэ тэнцвэрийг хангаж, банк, санхүүгийн тогтвортой байдлыг хадгалахад чиглэжээ.  Дунд хугацаанд валютын орох урсгалыг нэмэгдүүлэх замаар цэвэр экспортыг дэмжих, төлбөрийн тэнцлийг алдагдалгүй байлгах, төсвийн нэгдмэл, зохистой бодлого хэрэгжүүлж, улсын төсвийг алдагдалгүй, улсын өрийг нэмэгдүүлэхгүй байхаар батлах нь макро эдийн засгийн шинэ тэнцвэрийг хангах урьдач нөхцөл гэж Монголбанкнаас томьёолсон байна.

 

Эдгээрийг хангаж чадвал эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэрийг бүрэн хангаж, инфляцийг дунд хугацаанд 5-7 хувьд байлгах нөхцөл бүрдүүлэн цаашид эдийн засаг тогтвортой өсөх нөхцөлийг бүрдүүлнэ гэж үзсэн байна. Уул уурхайн супер цикл дуусгавар болж, манай улсын эдийн засагт 2012 оны сүүлийн хагасаас эхлэн гадаад худалдааны нөхцөл муудах, экспортын бүтээгдэхүүний үнэ дунджаар 30-70 хувиар буурах, гадаадын шууд хөрөнгө оруулалт цэвэр дүнгээр гуравхан жилийн дотор ДНБ-ий 45 хувьтай тэнцэх түвшнээс 1 хувьтай тэнцэх хэмжээнд хүртэл огцом буурах зэрэг сувгаар сөрөг нөлөөлөл бий болгожээ.

 

Гадаад эдийн засгийн орчин сайжирч гадаад эрэлт нэмэгдэхгүй, Монгол Улсын эдийн засагт орж ирэх гадаад валютын урсгал царцах үзэгдэл 2016 онд ч үргэлжлэх магадлалтай байгаа аж. Тухайлбал, БНХАУ-ын эдийн засгийн бодит өсөлт 7 хувиас бага болж буурах, ДНБ-ий өсөлтийн хурдац нь саарч байгаа хандлага цаашид үргэлжлэх, дэлхийн зах зээлд түүхий эдийн эрэлт сул, үнэ нь өсөхгүй байх төлөвтэй гэж үзэж байгаа юм байна. ОХУ-ын эдийн засаг 2015 оны 2 дугаар улиралд 4.6 хувиар агшсан бөгөөд цаашид хүлээгдэж байснаас ч илүү хэмжээгээр буюу оны сүүлийн хагаст 3.5-3.6 хувиар агших эрсдэлтэй болж, АНУ, Евро бүс, Японы эдийн засгийн суурь асуудал шийдвэрлэгдээгүй хэвээр, тодорхой бус байдал нь улам нэмэгдэхээр байна гэж танилцуулгад дурдсан. Иймд Монгол Улсын гадаадын шууд хөрөнгө оруулалт сайжрахгүй, улсын төсөв алдагдалтай үргэлжлэх тохиолдолд улсын төсөв, мөнгөний бодлогын орон зай улам хязгаарлагдаж, макро эдийн засгийн шинэ тэнцвэрийг хангахад хүндрэлтэй болох эрсдэлтэй байгаа аж.

 

2013-2015 онд хэрэгжүүлсэн мөнгөний уламжлалт болон уламжлалт бус бодлогын хүрээнд макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах, эдийн засгийг зөөлөн газардуулах бодлогын арга хэмжээг 2012 оны сүүлээс эхлэн үе шаттай хэрэгжүүлж, бодлогын багц арга хэмжээний хүрээнд санхүү-эдийн засаг-нийгмийн гурвалсан хямрал бий болох сөрөг нөлөөллийг зөөлрүүлсэн гэж мэдээлсэн. Тухайлбал, Инфляци 3 жилийн дотор 14.0%-иас 4,9 % болж бууран, дунд хугацаанд 5-7%-д байх суурь нөхцөл бүрдсэн гэв. Инфляцийн бүтцэд нийлүүлэлтийн гаралтай инфляцийн дарамт 34%-иас буурч 0% болж, мах, улаан буудай, шатахууны сертификатаар баталгаажсан агуулахын нөөцийг банкны зээлээр санхүүжүүлэх зах зээлийн зарчимд суурилсан тогтвортой тогтолцоо бий боллоо гэж Монголбанкны ерөнхийлөгчийн мэдээлсэн.

 

Дундаж давхаргын хуримтлалын тогтолцоог эхлүүлэн, орон сууцны санхүүжилтийн шинэ тогтолцоог нэвтрүүлж, ипортекийн 8% хүүтэй зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр ипотекийн зээлийн нийт үлдэгдэл 2015 оны 8 дугаар сарын эцсийн байдлаар 3.3 их наяд төгрөгт хүрч, үүний цаана 5.8 их наяд төгрөгийн үнэлгээ бүхий орон сууцны хөрөнгө бий болсон байна.

 

Макро эдийн засгийн шинэ тэнцвэр хангахын тулд өр бус өсөлт үйлдвэрлэх бодлогын орон зай бий болох. Төсвийн нэгдмэл байдлыг хангасан, зохистой бодлого хэрэгжүүлснээр уул уурхайн бус сектор тэр дундаа хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний өртгийн сүлжээг экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр хөгжүүлэх шаардлагатай байна гэж тэрбээр мэдээлсэн. Түүнчлэн ирэх онд инфляцийг 7 хувьд хадгалах, цаашид 5-7 хувийн түвшинд тогтвортой байлгах, санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах, санхүүгийн зах зээлийн хөгжлийг дэмжих, банк, санхүүгийн салбарт эрсдэл хуримтлагдахаас сэргийлэх хүрээнд активын удирдлагын бүтцийг төрөлжүүлэх, энэ чиглэлээр мэргэшсэн институци болон хоёрдогч зах зээлийг хөгжүүлэх, эрх зүйн орчныг сайжруулах нь зүйтэй гэж саналдаа дурдсан.

 

Монголбанкны ерөнхийлөгчийн танилцуулгатай холбогдуулан гишүүд  асуулт тавьж, саналаа хэллээ.УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

 

-Монгол банкны хийсэн  эдийн засгийн төсөөлөл Сангийн яамны эдийн засгийн төсөөлөл хоорондоо зөрдөг. Мөнгөний бодлого батлахад Монгол банк нэг төсөөлөл, төсөв батлахад Сангийн яам бас нэг өөр төсөөлөл хийдэг. Ирэх оны төсвийн тухай хуулиар төсвийн алдагдлыг ирэх жил 3.6 хувиар барина гэсэн. Энэ оны төсвийн алдагдлыг 5 хувьтай оруулж ирсэн. Он дуусахад гурван сар дутуу байдаг. Үүн дээр Монголбанкны барьж байгаа байр суурь, Сангийн яаманд өгч байгаа бодлогын зөвлөмжүүд нь юу байна вэ? УИХ эдийн засгийн, ДНБ-ий, инфляцийн  өсөлт, ажилгүйдэл зэрэг нь төсөв, мөнгөний бодлогоор дамжиж явдаг. Сангийн яам хэт их өөдрөг төсөөлөл оруулж ирээд эдийн засгийн хямрал руу оруулж байна. Мөнгөний бодлого дээр төсвийн алдаатай бодлогыг засах талаар ямар бодлогын зөвлөмжүүд өгч  байна вэ? ОУВС олон удаагийн зөвлөмж өгч байсан. Бодлогын алдаануудын нэг нь Монгол банк болоод байна. Үнэ тогтворжуулах хөтөлбөр гээд 3.2 их наяд төгрөгийг гаргасан. Энэ нь зах зээлд шударга бус өрсөлдөөнийг бий болгож байна. Энэ  оны Мөнгөний бодлогыг баталж өгч байхад Үнэ тогтворжуулах хөтөлбөрөөсөө үе шаттай гар гэж тодорхой үүрэг даалгавар өгсөн.  Энэ асуудал юу болсон бэ? Үүнд тодорхой эрсдлийн үнэлгээ өгсөн үү? Мөн өрийн менежмент сэтгэл түгшээж байна.  Ипотекийн орон сууцны зээлийн урьдчилгааг 10 хувьд хүргэнэ гээд зарласан. Энэ нь нийгэмд маш том хүлээлт үүсгээд байна. Зах зээлд 40 мянган орон сууц борлогдохгүй саатаж, 170 мянган иргэн орон сууцанд орох өргөдлөө өгсөн гэсэн харьцангуй мэдээлэл байна. Ипотекийн зээлийн урьдчилгааг 10 хувь болговол Монголбанкны үүрэг нь  юу байх вэ?

 

Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал:

 

-Өнгөрсөн жил Эдийн засгийн байнгын хороотой хамтраад Төсвийн байнгын хороонд 7 зүйлтэй санал хүргүүлж байсан. 3 хувийн өсөлтөд суурилсан шинэ тэнцвэрээ хадгалах үүднээс 2016 оны төсвөө дахиж Засгийн газрын өрийг нэмэгдүүлэхгүй хэлбэрээр баталж өгөөч гэсэн зөвлөмж хүргүүлсэн. Алдагдалтай баталсан тохиолдолд аж ахуйн нэгж, хувийн секторуудад очдог мөнгө, зээлийн эх үүсвэр хумигдана. Тэр хэмжээгээр зээлийн ачаалал, хүү нэмэгддэг. Үнэ тогтворжуулахад хөтөлбөрийн хүрээнд УИХ-ын тогтоолын дагуу дэс дараатай гарч байгаа. Зээл цаг хугацаандаа төлөгдөөд дуусна. Ажлын байрыг хамгаалах, эдийн засгийн уналтыг зөөлрүүлэх зайлшгүй бодлогын хүрээнд авсан арга хэмжээнүүд юм.

 

Ипотекийн зээлийг 10 хувь болох талаар тооцоо судалгааг Засгийн газрын зүгээс бидэнд өгсөн зүйл алга байна. БХБ-ын сайд өөрчлөгдсөн, бодлого нь боловсруулах түвшинд явж байсан.  Макро эдийн засаг болон Монголбанкны бодлоготой хэрхэн нийцтэй байх вэ гэдэг өнцгөөс харах хэрэгтэй. Зах зээлд хэрхэн эерэг нөлөөлөл үзүүлэхээс Монголбанкны оролцоо хамаарах учиртай гэлээ.

 

Ингээд “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 81.2 хувь нь хэлэлцэхийг дэмжлээ.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин