Төсөв, мөнгөний бодлого уялдсан уу
2015-10-14

 

Төрөөс  мөнгөний бодлогын талаар 2016 онд  баримтлах үндсэн чиглэл баримтлах тухай УИХ-ын тогтоолын төслийг парламентаар хэлэлцэж эхэллээ. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд ирэх оны мөнгөний бодлогын төсөлд ямар байр суурьтай байгааг хүргэе.

 

  Амьдрал  муудах тусам сайн үзүүлэлт гарчээ

 

 УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

-Ажил, амьдрал муудах тусам үзүүлэлт нь сайн гардаг юм байна. Өнөөдөр бизнесийн орчин ямар түвшинд хүрсэн, хүний амьдрал ямар болсон билээ. Энэ улсын аж ахуйн нэгж, иргэд зээлийн сүлжээний битүү тойрогт орсон. Гадаад худалдааны тэнцэл анх удаагаа ашигтай гарлаа гээд яриад байх юм. Төгрөгийн ханшны сулрал, эдийн засгийн уналтын нөлөөнөөс хилээр орж гарч байгаа нь эрс багассан. Үүний нөгөө талд сайн гэсэн үзүүлэлт гарч байна. Би эрх баригчдын зорилгыг одоо хүртэл ойлгоогүй явсан юм байна гэж өөртөө дүгнэлт хийж байгаа. Аливаа асуудлыг муутгах муужруулах тусам сайн гэсэн үнэлгээ гаргах зорилготой юм байна. Засгийн газар нь эдийн засгийн байдал хүндэрлээ, төсвийн орлогоо багасгая, зарлагаа таная гээд  баахан муу санал оруулж ирсэн байдаг. Гэтэл Монгол банк нь эсрэгээрээ бүх зүйл сайхан байна гэсэн төсөл оруулаад ирлээ. Засгийн газар Дэлхийн банктай хөтөлбөр хэрэгжүүлэх хүсэлтэй, Монгол банк нь эсрэг байр суурьтай байна. Төсөв, мөнгө барьдаг хоёр айл хоёр тийшээ хараад суужээ. Хэлэлцүүлгийн явцад үүний учрыг гаргаж ойлгомжтой болгох  хэрэгтэй байна.  Своп хэлэлцээрээр урд хөршөөс мөнгө аваад өр тавиад байна. Засгийн газрын өрийн хэмжээнд багтаахгүй холдуулаад байгаа юм. Энэ своп зээлийн хэлэлцээр Оюутолгойгоос аюултай нөхцөл байдалд оруулж мэднэ гэж хэлсэн. Үүний учрыг олох хэрэгтэй.

 

Өрхийн түвшинд өр ямар байна вэ?

 

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл:

-Өрийн зохистой удирдлага өнөөдөр хяналтнаас гарах түвшинд байна. Олон улсын байгууллагын үнэлгээгээр манайх дээгүүр бичигджээ, “өндөр эрсдэлтэй орон” гэж. Энэ тохиолдолд  мөнгөний бодлогодоо “мөнгө угаах” гэж ач холбогдолгүй заалт оруулахаасаа илүү өрийн зохистой удирлагад Монгол банкны оролцоог яаж хангах талаар оруулсан нь дээ. Инфляци нэг оронтой тоонд орсон нь сайн үзүүлэлт. Гэхдээ энэ нь хэр тогтвортой байж чадах вэ гэдгийг бодолцох хэрэгтэй. Засгийн газарт төсвөө алдагдалгүй болгох талаар тавьж. Төсвийн алдагдлыг ирэх онд  -3 гээд тавьсан байна лээ. Гэхдээ дотор нь орвол маш аймшигтай тоо гарч ирнэ. 2017, 2018 онд төсвийн алдагдлыг 0 гээд тавьжээ. Энэ хэмжээнд хүрэхгүй. Өрийн ачаалал нэмэгдэнэ.  Хөгжлийн банкны 450 тэрбум төгрөгийн санхүүжилт бас нэмэгдэнэ.  Тиймээс тодорхой саналаа өгчих хэрэгтэй. Өрхийн түвшинд Монгол Улсын өр ямар байна.

 

Өрийн менежментээ цэгцэлье

 

УИХ-ын гишүүн Д.Гарамгайбаатар:

-Ирэх оны төсвийн төсөл, мөнгөний бодлого уялдаж байгаа. Монгол банкны оруулж ирж байгаа мөнгөний бодлогыг үгүйсгээд хэрэг байхгүй. Ирэх оны төсөв, төсөөллийг Монгол банкны мөнгөний бодлогын үндсэн чиглэл дээр тулгуурлаж хийсэн. Өрийн менежменттэй холбоотой босгоны асуудлыг цэгцлэх хэрэгтэй.  Энэ нь дэвшилттэй мөнгөний бодлого явж байна.

 

Зээлийг зээлээр л солино

 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

-Төсөв, мөнгөний бодлого хоёр уялдаагүй орж ирсэн. Монгол банкны өргөн барьсан бодлогын зөвлөмжөөр “төсөв алдагдалгүй байх ёстой” гэж байна. Гэтэл Засгийн газрын өргөн барьсан төсвөөр алдагдал 3.6 байна гэжээ. Энэ чинь уялдаатай байгаа гэсэн үг үү. Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал “Засгийн газрын бондын ачааллыг бууруулъя, 3 их наяд болчихлоо. Дотоодын арилжааны банк, хувийн хэвшилдээ зээлэх мөнгийг Засгийн газар нь зээлээд байна” гэсэн. Шинээр валютын эх үүсвэр яаж олох вэ, гадаад өрсөлдөх чадвараа хэрхэн дээшлүүлэх  вэ гэж байна. Экспортоо яаж нэмэгдүүлэх, экспортлогч компаниудаа хэрхэн дэмжих вэ гэдгийг анхаарах хэрэгтэй. Энэ бүхэн мөнгөний бодлогод тодорхой тусах ёстой. Нөгөөтэйгүүр өр, зээлээ яаж буцааж төлөх вэ. Үүнд зохицуулалт хийх ёстой юм. Валютын том төслүүдээ хөдөлгөхгүй бол 2-3 жилдээ гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхгүй. Магадлал муутай байгаа. Тиймээс хүссэн хүсээгүй зээлийг зээлээр солино. Ингэхийн тулд зээлжих зэрэглэлээ сайжруулж, төсөв алдагдалгүй байх ёстой. Гадаадын хөрөнгө оруулагчдад зөв мессеж, зөв хандлага өгөх сорилт бидэнд байгаа.

 

Н.Энхбат

Shuud.mn
Сонин хачин