“МАК”-ийн хоёр үйлдвэртэй Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулна
2015-10-13

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болсон. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр мэдээлэл хийлээ.

 

Засгийн газрын ээлжит хуралдаанаар МАК-ийн эзэмшлийн Хөх цавын цементийн үйлдвэр, Цагаан суврагын уулын баяжуулах үйлдвэртэй Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах тухай хэлэлцэж, дэмжсэн байна.

 

-Хөх цавын цементийн үйлдвэр үйлдвэр ашиглалтад орсноор жилд 100 мянган тонн цемент, 900 мянган тонн чулуунцар, 100 тонн сайн шохой үйлдвэрлэх  хүчин чадалтай. Үйлдвэр ашиглалтад орсноор  410 ажлын байр шинээр бий болно. Мөн “МАК” Дорноговь аймгийн Даланжаргал сумд 120 ортой хүүхдийн цэцэрлэг барина. Жилд дунджаар 32 сая ам.доллар улсын төсөвт төвлөрүүлнэ гэсэн тооцоолол гарсан.

 

Мөн Цагаан суврагын уулын баяжуулах жилд 310 мянган тонн зэсийн баяжмал, 400 мянган молбедин үйлдвэрлэнэ гэсэн тооцоолол бий. 1120 ажлын байр шинээр бий болгохоос гадна жилд 180 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлэх юм.

 

Хөрөнгө оруулалтын гэрээгээр Засгийн газар татварын таатай орчин, тогтвортой байдлыг бий болгоно.Тухайлбал, Аж ахуйн нэгжийн албан татвар, НӨАТ, гаалийн албан татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг Хөх цавын цементийн үйлдвэрт 24 жил, Цагаан суваргын уулын баяжуулах үйлдвэрт 20 жил тогтвортой барина гэж заасан хэмээн Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ.

 

Өнөөдөр 14.00 цагт Хөрөнгө оруулалтын гэрээнд Уул уурхайн сайд Р.Жигжид, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат болон МАК-ийн удирдлагууд гарын үсэг зурна.

 

Авто тээврийн тухай хуулийг шинэчилнэ

 

1999 онд Авто тээврийн хууль батлагдсанаас хойш 15 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Олон удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан нь тус хуулийн үзэл баримтлалыг алдагдуулж, цаашид хэвийн мөрдөгдөхөд хүндрэлтэй болсон хэмээн Хуульзүйн яам үзэж байгаа. Монгол улс өргөн уудам нутагтай. Хаалганаас хаалганд хүрэх үйлчилгээг автотээвэр үндсэнд нь гүйцэтгэж байна.

 

2014 онд зорчигч тээврийн 98 хувь, ачаа тээврийн 64 хувийг авто тээврийн хэрэгслээр гүйцэтгэсэн байна. Авто тээврийн хэрэгслийн тоо сүүлийн 20 жилийн хугацаанд 5 дахин өссөн. 2014 онд Монгол Улсад 740 гаруй мянган тээврийн хэрэгсэл тоологдсон байна. Үүнээс 430 гаруй мянган тээврийн хэрэгсэл нь хувийн автомашин байгаа.

 

2012 оноос 21 аймгийг нийслэлтэй автозамаар холбох бүтээн байгуулалтын ажил эхэлсэн. Үүнтэй холбогдуулан орон нутгийн автотээврийн хэрэгслийн тоо огцом өсч байна. Уул уурхайн салбар эдийн засгийн эргэлтэд орсноор ашигт малтмал тээвэрлэх тээврийн хэрэгсэл нэмэгдсэн. Ашигт малтмал тээвэрлэдэг автозамыг хувийн аж ахуйн нэгж барьж ашиглалтад оруулсан. Мөн оношлогоо үйлчилгээ, түлш шатахуунаар хангах маш олон тулгамдсан асуудал байгаа. Эдгээрийн зохицуулах шаардлагатайбайгаа. Шатахуун хангамж зэрэг авто тээвэртэй холбоотой олон асуудал үүсч байгаа тул Авто тээврийн хуулийг нэн яаралтай хэлэлцэж батлах шаардлага тулгарсан байна. Засгийн газрын хуралдаанаар уг хуулийн төслийг нэн даруй боловсруулахыг Зам тээврийн сайдад үүрэг болгожээ.

 

Н.Энх

 

 

Shuud.mn
Сонин хачин