Л.Пүрэвсүрэн хуулийн төсөл өргөн барилаа
2015-10-14

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдоржид өнөөдөр Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Гаалийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гаалийн тариф, Гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолд өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн барилаа. 

 

 

Монгол Улс 1997 онд Дэлхийн худалдааны байгууллагын Марракешийн хэлэлцээрт нэгдэн орохдоо тус байгууллагын бусад гишүүн орнуудын адилаар Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрийг баримтлах үүрэг хүлээсэн байдаг. Дэлхийн худалдааны байгууллагын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, Япон Улсын Засгийн газартай байгуулсан Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг бүрэн хэрэгжүүлэх зорилгоор Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хууль, тогтоолын төслийг боловсруулжээ.

 

Түүнчлэн Дэлхийн худалдааны байгууллагын Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээр болон Үндсэн хуулийн хүрээнд “Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах зорилгоор Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд “хөнгөлөлттэй тариф” хэрэглэх заалт нэмж тусгахаар хуулийн төслийг боловсруулсан болохыг Улсын Их Хурлын дэд даргад танилцуулсан юм.

 

 

Энэхүү “хөнгөлөлттэй тариф”-ын хувь, хэмжээг мөрдөхтэй холбоотойгоор гарал үүслийн дүрэмтэй холбоотой үүсэх асуудлыг зохицуулахаар Гаалийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн төсөл батлагдсанаар нэмэлт хөрөнгө, зардал шаардагдахгүй, харин импортын барааны гарал үүслийг хуульд нийцүүлэн тодорхойлох боломжийг олгох юм байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин