Палестинтай хэлэлцээр хийхийг хүсэв
2015-10-16

 

Израйлийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху Палестины удирдагч Мухмад Аббастай уулзаж, сүүлийн үеийн асуудлаар ярилцах санал тавьсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ.  Ерөнхий сайд “Бид харилцан хүчирхийллээ зогсоох хэрэгтэй. Израйль хүчирхийллийг зогсоохын тулд Палестины эрх баригчидтай уулзаж, хэлэлцээр хийхэд бэлэн байна. Та бүхэн хүсэлтийг минь хүлээн авна уу” гэж хэлжээ.

 

Сүүлийн хэдэн хоног Израйльд амьдардаг палестинчууд дараалласан халдлага үйлдэж, олон иргэн харамсалтайгаар амиа алдсан юм. Палестинчууд ийнхүү эсэргүүцлээ илэрхийлж буй нь Израйлийн удирдлагууд тус улсын иргэдийг нийслэл Йерусалем хотод нэвтрэхийг хориглосноос гадна дахин Газын зурваст цохилт өгч эхэлсэнтэй холбоотой аж.  Дараалласан халдлагын дараа Йерусалем хотод онц байдал зарлаж, цэргүүдийг хотын төвөөр байршуулсан байна.

 

Дээрх шийдвэрийн дараа хоёр улсын хил орчимд мөргөлдөөн үүсч, харилцан гал нээгээд дөрөв хонож байна. Мөргөлдөөний улмаас Израйлийн долоон иргэн, Палестины 10 иргэн амиа алдаж, 159 иргэн гэмтжээ. Тусгай мөрдлөгөөр Израйльд халдлага үйлдэж буй этгээдүүдийн ихэнх нь Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлд элссэн палестинчууд болохыг тогтоожээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин