Цахимаар 1.3 сая иргэн үйлчлүүлжээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болсон. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр мэдээлэл хийлээ. Тэрбээр:
-Төрийн үйлчилгээний цахим системийг хөгжүүл талаар Засгийн газрын 275 дугаар тогтоол гарсан. Төрийн үйлчилгээний цахим систем гэдэг нь төрийн үйлчилгээг цахимаар хүргэх төсөл. Энэ арга хэмжээг гүйцэтгүүлэхэд төсвөөс мөнгө гаргахгүй. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар хэрэгжүүлэх судалгаа хийхийг Хөрөнгө оруулалтын газар, МТШХХГ-т үүрэг өгсөн. Энэ дагуу өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар дээрх байгууллагууд танилцуулга хийлээ. Төрийн үйлчилгээний цахим системийг хэрхэн бий болгох вэ гэхээр мэдээллийн өгөгдлийн санг цахимжуулна. E-zasag.mn портал сайтаар дамжуулан иргэдэд үйлчилгээ үзүүлнэ. Энэ нь төрийн үйлчилгээг шуурхай хүргэх, мэдээллийн чанарыг сайжруулах, цаг хугацаа хэмнэх ач холбогдолтой. Өнгөрсөн хугацаанд төрийн үйлчилгээний ТҮЦ машиныг ажиллуулж эхэлсэн. Одоогийн байдлаар 42 үйлчилгээний 17 нь ТҮЦ машинаар, 25 нь төрийн үйлчилгээний цахим систем буюу E-zasag.mn сайтаар дамжуулан авч байна. Өнгөрсөн хугацаанд 1.3 сая иргэн энэ системд хандаж үйлчилгээг авсан байна. Улсын төсөвт 2015 оны эхний хагаст 37 сая төгрөг төвлөрчээ.
Засгийн газрын хуралдаанаар Төрийн өмчийн концессийн зүйлд нэмэлт өөрчлөлт оруулах замаар Төрийн үйлчилгээний цахим системийг хөгжүүлэх концессийг нэмэлтээр явуулах шийдвэр гарлаа. Энэ концессийн хэлбэр нь бусдаасаа өвөрмөц. Систем хөгжүүлэх, ашиглах төрөл. Өөрөөр хэлбэл төрийн үйлчилгээний мэдээллийн өгөгдлийг цахимжуулах ажлыг хувийн хэвшлийн оролцоотойгоор хийж гүйцэтгэнэ. Хувийн хэвшлийн гаргасан хөрөнгийг төрийн үйлчилгээний цахим системд хандаж, иргэдээс оруулж байгаа орлогоос гарсан зардлаа нөхсний дараагаар төрд шилжүүлнэ. Иймээс улсын төсвөөс мөнгө гарахгүй, иргэд төрийн үйлчилгээг найдвартай хангах бололцоотой. Нийтдээ 37 байгууллагын 170 гаруй үйлчилгээг цахимаар хүргэх зорилт тавьж байна. Одоогийн байдлаар 40 орчим үйлчилгээ хүрсэн. Лавлагаа мэдээлэл авах, тодорхой хэмжээгээр зөвшөөрөл авах зэрэг үлдсэн 100 гаруй үйлчилгээг хүргэнэ. Энэ бүх мэдээлэл цахимжвал Монголд цахим засаглал хэрэгжихэд дөхөм болно. Концессийн төрөл зүйлд цахим засаглалыг хөгжүүлэх концессийн заалт орж байна. Концессийн шууд гэрээ байгуулах болон уралдаант шалгаруулалтыг хуульзүйн дагуу шийдвэрлэхийг Аж үйлдвэрийн сайд болон Хөрөнгө оруулалтын газарт даалгасан шийдвэр гаргалаа хэмээлээ.
Автозамын хуулийг шинэчилнэ
Өнгөрсөн долоо хоногийн засгийн газрын хуралдаанаар Авто тээврийн хуулийн тухай үзэл баримтлалыг хэлэлцэж хууль боловсруулах үүргийг Зам тээврийн сайд М.Зоригтод өгсөн. Өчигдрийн хуралдаанаар Авто замын тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцээд хуулийг боловсруулж засгийн газрын хуралдаанд оруулж ирэхийг даалгажээ.
Авто замын тухай хууль 1998 онд анх батлагдсан. Үүнээс хойш нийтдээ найман удаа өөрчлөлт орсон юм. Хууль батлагдсанаас хойш монгол орны эдийн засаг, дэд бүтцийн асуудал томоохон өөрчлөлт гарсан. Дэд бүтэц өөрчлөгдсөн. Улс ардын аж ахуйд ихээхэн ач холбогдолтой хөдөө аж ахуй, уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж байгаа. Тиймээс авто замын стандартыг шинээр боловсруулах шаардлага гарч иржээ. . Тухайлбал Монгол Улсад 2010 онд 2400 гаруй км хатуу хучилттай зам байсан бол 2015 онд 5435 км хатуу хучилттай зам болжээ. Дөрвөн жилийн хугацаанд 119 хувиар автозамын сүлжээ өссөн байна. Монгол Улсын авто замын сүлжээний нийт урт 49 мянган км, үүний 12 мянга нь олон улсын чанартай авто замын сүлжээ байдаг. Иймд дэд бүтцийн хөгжлийг сайжруулахад авто зам бол маш чухал үүрэгтэй гэж засгийн газрын гишүүд үзэж байна.
Нийт ачаа эргэлтийн 65 хувийг авто замаар тээвэрлэдэг. Зорчигч тээврийн тухайд 98 хувийг авто замаар тээвэрлэж байна. Дээрх тооноос харахад авто зам бол чанартай, найдвартай, аюулгүй байдлыг хангасан байгаль экологид ээлтэй байх нь чухал. Дээр нь авто замын сүлжээний шинэ технологи ашиглах хууль эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардагдаж байгаа учираас авто замын тухай хуулийг хэлэлцүүлж УИХ-аар батлуулах нь зүйтэй гэж Засгийн газар үзсэн хэмээн Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр мэдээлсэн юм.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ