Хар салхины улмаас 18 иргэн амиа алджээ
2015-10-21

Филиппинийг дайран өнгөрсөн “Корру” хар салхины улмаас 550 мянган иргэн орон гэрээ алдаж, их хэмжээний хохирол амссан хэмээн “CNN” агентлаг мэдээллээ. Тус улсын Онцгой байдлын сайд “Хар салхины улмаас 18 иргэн амиа алдаж, 11 иргэн сураггүй алга болсон” гэж мэдэгдэв.

 

“Корру” салхи Тайванийг чиглэн явж байгаа хэдий ч Филиппинд их хэмжээний аадар бороо орж, өнөөдрийг хүртэл 107 мянган иргэн хорогдох байранд хоног төөрүүлж буйг албаныхан онцоллоо.

 

Олон улсын байгууллагууд тус улсын Засгийн газартай хамтран иргэдэд хүнсний тусламж үзүүлж байна. НҮБ хохирогчдод тусламж, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэхийг олон улсаас уриалан өөрийн сайтдаа “Бид нэг нэгнээ хайрлах хэрэгтэй” гэж бичжээ.

 

Филиппинийн иргэдэд туслах төвийн тэргүүн Александр Пама “Амиа алдагсдын тоо нэмэгдэх хандлагатай байна. Учир нь аадар бороо орж, зарим бүс нутагт хөрсний гулгалт үүссэн” гэсэн байна.

 

Энэ онд тус улсыг 10 гаруй хар салхи дайран өнгөрч, 100 гаруй хүн амиа алджээ. Өнгөрсөн долоодугаар сард “Таяпу” гэх хар салхи дайран өнгөрч, нэг тэрбум долларын хохирол учруулсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин