Улаанбаатар
Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ
2015-10-21

Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

 

 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, уул уурхайн татварын орлого өнгөрсөн жил хэд байсан. Энэ жил хэдий хэмжээний орлого орсон. Оюутолгой, Эрдэнэтээс хэчнээн төгрөгийн татварын орлого орсон бэ хэмээн тодруулсан юм. Уул уурхайн сайд Р.Жигжидийн хариулснаар, уул уурхайн салбараас энэ оны 9 сарын байдлаар 827.9 тэрбум төгрөгийн орлого орох ёстойгоос 794.6 тэрбум төгрөгийн орлого ороод байгаа бол газрын тосны салбар 213.7 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 128.8 тэрбумыг төвлөржээ. “Оюу толгой” компани энэ оны 9 сарын байдлаар 310.2 тэрбум, “Эрдэнэт” 202.5 тэрбумыг улсын төсөвт төвлөрүүлээд байгаа бөгөөд өнгөрсөн оны мөн үед “Оюу толгой” 167.7 тэрбум, “Эрдэнэт” 307.8 тэрбумыг төвлөрүүлээд байжээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Ө.Энхтүвшин нар мөн асуулт асууж, хариулт авсан бөгөөд гишүүдээс зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй юм. Ингээд Байнгын хорооны хуралдаанаар дээрх хуулиудын хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

 

 

Үүний дараа Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Эдгээр хууль, тогтоолын төслийг Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн юм. Хэлэлцүүлгийн үеэр Ө.Энхтүвшин, Ц.Баярсайхан, С.Дэмбэрэл нарын гишүүд УИХ-ын харьяа байгууллага болох Үндэсний статистикийн хороог өөрчлөн Засгийн газрын агентлаг болгох саналыг дэмжихгүй байгаагаа илэрхийлж байлаа. Дээрх гишүүдийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх мөн дэмжсэн юм.

 

 

Ингээд Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан Монгол Улсын Хууль зүйн сайдын эрхлэх асуудлаас статистикийн мэдээлэл гэснийг хасах гэсэн саналыг нэр бүхий гишүүд гаргасныг гишүүдийн 83.3 хувь нь дэмжсэн. Мөн “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хавсралт дахь Монгол Улсын Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах Бүртгэл, статистикийн ерөнхий газар гэснийг Бүртгэлийн ерөнхий газрын гэж өөрчлөх санал мөн олонхын дэмжлэг авсан. Ийнхүү гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж дуусган хууль, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.

 

Мөн өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуулийн төслийн талаар санал, дүгнэлт боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Г.Батхүүгээр ахлуулах байгууллаа хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
зочин:
агуу ухаантанууд төрд гархад ард түмэн амар амгалан арчаа муутай шуналтан төрд гархад ард түмэн бужигнаж эхлэдэг энэ монгол төрийг самарч байгаа муусайн баяд ноёдыг суудалаас нь буулгах юмсан дарлагдсан ардууд минь хувьсгал хийх болсон байна өөрийнхөө төлөө тэмцэж босож тэмцэе
2015-10-22