Дүрвэгсдийн хуаран шатжээ
2015-10-22

Словени улсын хил орчимд байршиж буй дүрвэгсдийн хуаранд өчигдөр 19.25 цагийн орчимд гал гарсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Галын шалтгаан тодорхойгүй байгаа ч санаатайгаар хуаранг шатаахыг оролдсон байх магадлалтай хэмээн Словенийн цагдаагийн газраас уламжлав.  

 

Шатсан хуаранд ихэвчлэн хүүхэд, эмэгтэйчүүд байршиж байсан аж. Хэдхэн хоногийн өмнөөс тус хуараны оршин суугчдад олон улсын байгууллагын ажилчид хүмүүнлэгийн тусламж үзүүлээд байжээ. Ослоор гэмтэж, бэртсэн хүн байхгүй гэнэ.

 

Хил нэвтэрч чадаагүй дүрвэгсэд нэгнээ тонох, дээрэмдэх болон гэмтээх тохиолдол цөөнгүй бүртгэгдээд байна. Тус улсын Ерөнхий сайд Мирослав Церар өчигдөр мэдэгдэхдээ “Аюулгүй байдлын үүднээс өнөөдрөөс эхлэн хил орчимдоо армийн цэргүүдийг байршуулах болно” гэжээ.

 

Словени 5000 дүрвэгч хүлээн авсан бөгөөд ирэх долоо хоногоос дүрвэгсэд хүлээн авахаа Европын холбооны удирдлагуудад мэдэгдсэн байна. Тус улсын хил орчимд 17 мянган дүрвэгч байршиж буй хэмээн НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан төвөөс мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин