Архины татварыг нэмэхийг дэмжив
2015-10-22

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

 

Монгол Улс 1997 онд Дэлхийн худалдааны байгууллагын Марракешийн хэлэлцээрт нэгдэн орсон билээ. Ингэхдээ манай улс дээрх байгууллагын бусад гишүүн орнуудын адилаар Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрийг баримтлах  үүрэг хүлээжээ.

 

Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрийн 3 дугаар зүйлд ДХБ-ын гишүүн орнуудын гарал үүсэлтэй импортын бараанд үндэсний гарал үүсэлтэй ижил бараанд олгодгоос дутуугүй тааламжтай нөхцөл олгохоор заасан боловч одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Онцгой албан татварын тухай хуулиар дотоодын болон импортын архи, дарсанд ялгавартай татвар ногдуулж байгаа нь 1994 оны Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрийн дээрх заалтыг зөрчиж байгаа аж.

 

УИХ  2015 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр Монгол Улс, Япон Улс хооронд байгуулсан Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг соёрхон баталсан бөгөөд хэлэлцээрийн үндсэн нөхцөлд Талууд 1994 оны Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрийн дагуу нөгөө талын бараанд үндэсний нөхцөл олгохоор заасан байна.

 

Дээрх хэлэлцээрт заасны дагуу Японы талаас импортын архи, дарсанд ногдуулдаг онцгой албан татварын хувь хэмжээг эх орны үйлдвэрийн архи, дарстай ижил хувь хэмжээгээр ногдуулах шаардлагыг тавьсан болно.

 

Иймд Дэлхийн худалдааны байгууллагын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, Япон Улсын Засгийн газартай байгуулсан Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг бүрэн хэрэгжүүлэх зорилгоор Онцгой албан татварын тухай хуульд  өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

 

Түүнчлэн архи, дарс үйлдвэрлэдэг дотоодын аж ахуйн нэгжүүдээ дэмпингээс хамгаалах зорилгоор импортын архи, дарсанд ногдуулдаг гаалийн албан татварын хувь хэмжээг Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрт заасан /bounded/ буюу зөвшөөрсөн хувь хэмжээнд хүргэн нэмэгдүүлэхээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай”  УИХ-ын 1999 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын  тогтоолын төсөлд тусгажээ.

 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдээс горимын санал гарсан.  УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэлийн “Импортын архины онцгой албан татварыг бууруулахгүйгээр эх орны үйлдвэрийн архины татварыг нэмэгдүүлж, татварыг ижил тэнцүү болгох”  санал Төсвийн байнгын хорооны хуралдаанаар дэмжигдээгүй  аж. УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл:

 

-Би одоо байгаа хуулийн  төвшинд асуудлаа авч хэлэлцье. Би татварыг дээд түвшинд нь барья гэж байгаа.  Онцгой албан татвараа зөв тогтоочихмоор  юм. Онцгой албан татварыг зөв гаргавал дараагийн Гаалийн тариф нь болно. Импортын архины үнийг доош бууруулах замаар татвар нэмэхтэй санал нэгдэхгүй байна. Ард түмний нуруун дээр ачаа нэмэх замаар эдийн засгийн хүндрэлээс гарах гээд байна. Архины бизнес эрхэлдэг хүмүүсийн лобби яваад байх шиг байна. Уг нь сонирхлын зөрчилтэй хүмүүс санал хураалтад оролцохоос татгалзах хэрэгтэй. Архи, тамхины орлого их байхад яагаад энэ бизнесүүдээс татаж болохгүй гэж. Нефть, архи, тамхины орлогоос ашиг авах хэрэгтэй. Гадаадаас оруулж ирж байгаа архины татвартай дотоод архины татвараа тэнцвэржүүлье гэсэн саналыг би гаргаж байгаа хэмээлээ. Үүний хариуд УИХ-ын дарга З.Энхболд “Архины үйлдвэрүүд таны саналыг дэмжихгүй байгаа. Бид татвар нэмэхгүй. Харин олон улсын гэрээ конвенцид нийцүүлэх замаар хуульд өөрчлөлт оруулж байгаа гэсэн юм.

 

УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэлийн гаргасан саналыг Төсвийн байнгын хорооны дэмжээгүй байлаа. Байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад Д.Дэмбэрэл гишүүний санал дэмжигдэв. УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг:

 

-Татварыг буулгаснаар өнөөдөр архи, тамхины үнэ буураагүй. 60 тэрбум төгрөг  үйлдвэрлэгчдийн цэвэр ашиг болж очиж байна. Тиймээс миний гаргасан саналыг дэмжиж өгнө үү гэсэн саналыг гишүүн Л.Эрдэнэчимэг хэллээ. УИХ-ын дарга З.Энхболд “Олон улсын гэрээ хэлэлцээртэй нийцүүлэн хуулиндаа өөрчлөлт орж байна. Үүнийг хольж хутгах хэрэггүй” гэсэн бол “Татвар нэмэхийн тулд өөрчлөлт оруулаагүй. Эдийн засгийн нөхцөл байдал сайжирвал татвар нэмэх асуудал нь хэвээрээ байгаа. Онцгой татварын өөрчлөлтөөр 3.9 тэрбум төгрөгийн татвар буурч байгаа. Үүнийг импортын татварын өөрчлөлтөөр нэмж зохицуулж байгаа хэмээн Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат хэлсэн юм.

 

Харин Д.Дэмбэрэл гишүүний санал дэмжигдсэн учир Л.Эрдэнэчимэг гишүүн саналаа татахаа мэдэгдсэн юм.

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Дотоодын үйлдвэрийн архины татварыг нэмэгдүүлнэ гээд хаанахын талд ажиллаад байна аа. Харин эсрэгээр импортын архины татварыг нэмж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих хэрэгтэй. Олон сөрөг үзэгдэл гарна. Үйлдвэрлэл буурч одоо өгч байгаа татвар эрс багасна. Гадаад, дотоодын янз бүрийн шаг архинууд нэмэгдэнэ. Олон хүн ажилгүй болно гээд л олон сөрөг үзэгдэл байгааг УИХ -ын гишүүд минь ой ухаандаа тунгааж бодооч ээ.
2015-10-23