Эрчим хүчний алдагдал буурч байгаа
2015-10-22

 

 “Сайдын цаг”-т Эрчим хүчний сайд Д.Зоригт оролцож, мэдээлэл хийлээ.Тэрбээр мэдээлэлдээ:

-Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийг ЭХЯ-наас энэ оны нэгдүгээр сард байгуулсан. Энэ ажлын хүрээнд нийт 1722 нэр төрлийн ажил хийхээр төлөвлөснөөс их засварын 1072,  хөрөнгө оруулалтаар 360, техник зохион байгуулалтын арга хэмжээгээр 290 нэр төрлийн ажил хийхээр төлөвлөсөн. Одоогоор үндсэн тоноглолын их засварын ажлын гүйцэтгэл 93 хувьтай байна. Дулааны цахилгаан станцуудын их завсар 90 гаруй хувтай байгаа бол цахилгаан дамжуулах станцууд 95 хувийн гүйцэтгэлтэй байна. Дулааны станцын гол хэрэглээ бол нүүрс. Улаанбаатар хотын цахилгаан станцууд Багануур болон Шивээ-Овоогийн уурхайгаас нүүрс авдаг. Өнөөдрийн байдлаар дулааны станцууд 10-25 хоногийн нүүрсний нөөцтэй байна.

 

Энэ онд Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системийн оргил ачаалал 1242.11 МВт хүрэх төлөвтэй байгаа нь өмнөх оныхоос 40 МВт-аар өссөн үзүүлэлт. Эрчим хүчний сайдын тушаалаар энэ оны 9 сарын 15-наас 2016 оны тавдугаар сарын 15 хүртэл эрчим хүчний салбар өвлийн горимд шилжин ажиллана.

 

Энэ онд 1064 км шугам сүлжээ, 82 дэд станц шинээр байгуулсан. Ингэснээр 43655 км урт цахилгааны шугам сүлжээ, 5335 дэд станцаар дамжуулан хэрэглэгчдэд цахилгаан, дулаан түгээж байгаа. Түүнчлэн 15.3 км дулааны шугам байгуулсан нь 236 барилгыг шинээр дулааны эх үүсвэрт холбох боломж бүрдсэн.

 

Өвлийн бэлтгэл ажлын хүрээнд хэд хэдэн томоохон ажил хийсэн. Тухайлбал, “Дулааны цахилгаан станц-IV”-ийн хүчин чадлыг 123 МВт-аар нэмэгдүүлэх төслийг хэрэгжүүлсэн. “Дулааны гуравдугаар цахилгаан станц”-ын хүчин чадлыг 50 МВт- аар нэмэгдүүлсэн.

 

 “Дулааны цахилгаан станц-IV”-ийн охин компани хэлбэрээр ажиллах “Амгалан дулааны станц” нь 116 МВт-ын 3 ширхэг зуух, нүүрс хадгалах байгууламж, вагон хөмрөгч, нүүрс дамжуулах конвейрууд, үнс, утаа шүүх байгууламжууд гэх мэт 36 төрлийн барилга, байгууламжтай иж бүрэн станц баригдсан. Үүнд нийт 105.8 тэрбум төгрөгийг зарцуулсан. Одоогоор тус станцын барилга угсралтын ажлын гүйцэтгэл 98 хувьтай байгаа. Туршилт, тохируулга, зүгшрүүлэлтийн ажил хийгдэж байна. Амгалангийн дулааны станц Улаанбаатар хотын зүүн хэсэг буюу Жуковын музейгээс зүүн тийшхи барилга, орон сууцнуудыг дулаанаар хангана.

 

Энэ онд Дорнод аймгийн Чулуунхороо, Халх гол, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Дорноговь аймгийн Хатанбулаг, Мандах, Говь-Алтай аймгийн Бугат сумыг төвийн эрчим хүчний системд холбохоор ажиллаж байна. Ажлын гүйцэтгэл 60-98 хувийн гүйцэтгэлтэй байгаа.

 

Мөн Хэнтий, Өмнөговь, Завхан, Баян-Өлгий аймгуудын цахилгаан эрчим хүчний хангамжийг сайжруулах томоохон ажлууд хийсэн.

 

Улаанбаатар хотод “Улаанбаатар их тойрог сүлжээ” төслийг ЭХЯ, БХБЯ, НЗДТГ хамтран хэрэгжүүлж байгаа. Төслийн хүрээнд 102.6 км цахилгаан дамжуулах агаарын шугам, 11 дэд станц барихаар төлөвлөсөн. Энэ ажил нийслэлийн цахилгаан хангамжийн найдвартай үйл ажиллагаа явуулахад чухал үүрэг гүйцэтгэнэ.

 

Эрчим хүчний салбарт хэрэгжүүлсэн төсөл арга хэмжээнүүдийн үр дүнд шинээр хэрэглэгчдийг цахилгаан дулаанаар хангах боломж бүрдэж, Улаанбаатар хотод 249 Гкал.цаг ачаалал, Дархан хотод 33 Гкал.цаг, Эрдэнэт 36 Гкал.цаг, Дорнод аймгийн төв Чойбалсан хотод 8 Гкал/цаг ачааллыг тус тус нэмж сүлжээнд залган ажиллаж байна.

 

Үүний үр дүнд Улаанбаатар хотод л гэхэд 236 барилга байгууламжийг дулааны эрчим хүчээр, 23600 хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчээр хангах боломж бүрдлээ.

 

Санхүү хөрөнгө оруулалтын хувьд анхаарал татаж байгаа хэд хэдэн асуудал үүсч байна. Тухайлбал, Өмнөговь аймгийн төвийг дулааны эрчим хүчээр ханган ажиллаж буй Даланзадгадын дулааны цахилгаан станцын эвдэрсэн турбингенераторыг шинэчлэн солих ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан боловч санхүүжилтийн эх үүсвэр бүрэн шийдвэрлэгдээгүй тул ажлаа эхлүүлээгүй байна.

 

Түүнчлэн Улаанбаатар хотын баруун хэсэгт буюу Таван шар, Драгон төв, Сүүний үйлдвэр орчмыг дулаанаар хангадаг 8д магестралл шугмын зарим хэсгийг шинэчлэн солих шаардлагатай байгаа. Үүнд шаардагдах 7.2 тэрбум төгрөгийн хөрөнгийг ирэх оны төсөвт тусгахаар ажиллаж байна.

 

Мөн манай аймгийн баруун бүс гадаадаас эрчим импортолдог тул үнэ өндөр байдаг. Тиймээс Ховд, Баян-Өлгий, Увс аймагт шинэ эрчим хүчний эх үүсвэр шаардлагатай байна” гэлээ.

 

Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

 

-Сэргээгдэх эрчим хүчийг дэмжих хөтөлбөр, тарифын талаар мэдээлэл өгөөч?

 -Эрчим хүчний тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд энэ оны зургаадугаар сард нэмэлт өөрчлөлт оруулж баталсан. Мөн эрчим хүчний салбарыг 2030 он хүртэл хөгжүүлэх төрийн бодлогыг баталсан. Уг бодлогод тусгаснаар эрчим хүчний салбарыг зах зээлийн зарчимд илүү ойртуулах хууль эрх зүйн орчин бүрдсэн. Үүний дагуу үнэ тарифын бодлогод тодорхой хэмжээний өөрчлөлт орж байгаа. Эрчим хүчний салбар олон жил алдагдалтай явж ирсэн шалтгааныг хөрөнгө оруулалтын орчин нөхцөлтэй холбон тайлбарладаг байсан. Үүнийг засах ажил хийгдэж байгаа. Манай улс сэргээгдэх эрчим хүчний нөөц ихтэй атал нийт хэрэглэж байгаа эрчим хүчний дөрөв орчим хувийг сэргээгдэх эрчим хүчнээс гарган авч байгаа. Тиймээс энэ салбарыг хөгжүүлэх үндэс суурийг тавих зорилгоор үнэ тарифын бодлогодоо өөрчлөлт оруулж сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тариф баталж хэрэгжүүлж байгаа. Ингэснээр хэрэглэгч болгон дэмжих тариф нэртэй нэмэлт төлбөр төлж байгаа. Энэ нь кВт цаг дөрвөн төгрөгөөр тооцож байгаа. Нэг айлын хэрэглээ дунджаар 200 орчим кВт цаг байдаг. Үүнийг дөрвөн төгрөгөөр үржүүлэхээр 800 орчим төгрөгөөр сэргээгдэх эрчим хүчийг дэмжиж байна гэсэн үг юм.

 

Чадлын тарифыг нэвтрүүлж эхэлсэн. Энэ нь хэрэглэгчийн эрчим хүчний чадлыг бэлэн байлгасны төлөө авч байгаа. Гэхдээ бид эрчим хүч бага хэрэглэдэг, амжиргааны түвшинээс доогуур айл өрхөд аль болох хөнгөн тусгахаар зохицуулж байна.

 

-Эрчим хүчний салбарын өр авлагын хэмжээ ямар байна вэ?

-Өр авлагын хэмжээ харьцангуй буурч байна. Сүүлийн гурван жилд жил бүр 60-70 тэрбум төгрөгний алдагдалтай ажиллаж ирсэн. Өнгөрсөн жилээс хэрэгжүүлж ирсэн үнэ тарифын бодлого, хууль эрх зүйн өөрчлөлт зэрэг нь эерэг үр дүн өгч байгаа учираас алдагдал харьцангуй буурч байгаа. Энэ онд багтаж Төвийн эрчим хүчний систем, Дорнодын эрчим хүчний систем алдагдалгүй ажиллах тооцоотой байгаа. Цаашид эрчим хүчний үйлдвэр, компаниуд алдагдалгүй ажиллах нөхцөл бүрдсэнээр өр авлагын сүлжээ буурна, цаашид эрчим хүчийг илүү найдвартай, тасалдал багатай хэрэглэгчдэд хүргэх суурь нөхцөл бүрдэнэ.

 

-Гэр хороололд цахилгаанаар дулаанаа хангадаг айл өрх нилээн байгаа. Ирэх оны төсөвт эрчим хүчний хөнгөлөлтийг тусгасан болов уу?

-Энэ асуудлыг үнэ тарифаараа уялдуулж байгаа. Эрчим хүчний зохицуулах хорооноос баталсан үнэ тарифаар шөнийн цагт, оргил ачааллын бус цагаар эрчим хүч хэрэглэвэл илүү хямд байх зохицуулалт хийж өгсөн. Ялангуяа үйлдвэр аж ахуйн газар уул уурхайн салбарын боловсруулах үйлдвэрүүд оргил ачааллын бус цагт эрчим хүч хэрэглэвэл илүү хэмнэлттэй илүү эдийн засгийн үр ашигтай байх механизмуудыг суулгаж өгсөн. Цаашид энэ бодлогыг үргэлжлүүлнэ. Өнөөдрийн байдлаар манай улс эрчим хүчний хэрэглээний 20 хувийг гаднаас харьцангуй үнэтэй авч байгаа. Тиймээс дотоодынхоо эрч хүчийг хэмнэлттэй хэрэглэх шаардлагатай байна. Аль болох эрчим хүчний хэмнэлттэй ламп, тоног төхөөрөмж авч хэрэглэх нь зүйтэй. Иймээс Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулийг өргөн барьж хэлэлцүүлэх гэж байна. Хэлэлцүүлэг өнөөдөр УИХ-ын хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд орсон байгаа.

 

-Төрийн өмчит компаниудын бүтцийн өөрчлөлт, хувьчлалын асуудал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Эрчим хүч үйлдвэрлэдэг компаниудыг хувийн хэвшил хийх ёстой гэсэн байр суурийг барьж байгаа. Гол үйлдвэрлэгч нар төрийн өмчид байна. Хувьцааг нь Засгийн газар эзэмшдэг. Үүнийг өөрчлөх ёстой гэж үзээд анхны шийдвэр УИХ-аас гарсан. Эрчим хүчний салбарыг олон компанийн 30 хүртэлх хувийг арилжаалж нээлттэй хувьцаат компани болгоно. Энэ ажил бэлтгэл шатандаа явж байна. Ирэх жил хөрөнгийн биржүүд дээр хувьцаанууд нь гарна. Цаашдаа үе шаттайгаар хувийн  хэвшилд шилжих ёстой. Цахилгаан станцуудыг хувийн хэвшил барих ёстой. Түүнээс төр мөнгө гаргаж, татвар төлөгчдийн мөнгөөр барихгүй.

 

-Хэдэн компанийн асуудал яригдаж байгаа вэ?

-Улаанбаатар хотын II, III, IV цахилгаан станцууд, Дархан, Эрдэнэтийн цахилгаан станц, цахилгаан түгээх компаниудын хувьцааг эхний ээлжинд 30 хувийг бирж дээр арилжаална.

 

-Энэ жил эрчим хүчний салбарт хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн бэ?

-Эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт их олон эх үүсвэрээс бүрдэж байгаа. Улсын төсвөөс харьцануй бага байна. Хөгжлийн банкны санхүүжилт, гадны зээл тусламж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар гэсэн эх үүсвэрээс нийт 100 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт эрчим хүчний салбарт хийгдэж байна.

Shuud.mn
Сонин хачин