Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийг хэлэлцэхийг дэмжив
2015-10-23

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Зөрчил хянан шийдвэрлэх  тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдийн асуултад Хуульзүйн сайд Д.Дорлигжав хариуллаа.  Дараагаар нь гишүүд саналаа хэлсэн юм. УИХ-ын дэд дарга Л.Цог:

 

-Хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байна. Захиргааны хэрэг дээр анхаараарай гэсэн бол гишүүн О.Баасанхүү:

 

-Зөрчил гэдэг нь маш нийтлэг ойлголт. Тодорхой эд хөрөнгө хураах зэргийг шүүхээр шийдвэрлэх нь нэг талаас зөв ч нөгөө талаас иргэний гомдол гаргах асуудал нь хэрхэн явагдах вэ? ШЕЗ-ийн үндсэн үүрэг нь бие даасан субъектээр оролцдог байгууллага биз. Үүнд хамааралгүй байгууллага. Сайн нягтлах ёстой шүү.

 

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:

-Завсар  зайгаар нь гулгуулж хийж байгаа юм шиг, процессийн хуультайгаа уялдаагүй зүйл байна. Тийм учраас энэ хуулийн төслийг цогц бодлогоор оруулж ирэх ёстой. Хууль сахиулах үйл ажиллагаа гээд хүний эрх чөлөөнд халддаг хэсгийг зохицуулаагүй, тодорхой эрх мэдэлтний хэсэгт зохицуулалт хийжээ. Тиймээс би дэмжихгүй байна. Тодорхой зохицуулсан зүйлийг зэрэмдэглээд, зэрэмдэглэсэн зүйл нь болохгүй болохоор дахин заримыг нэмээд оруулж иржээ. Үүнээс их л олон зөрчил үүснэ дээ.

 

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

-Захиргааны хариуцлагын хууль гараад захиргааны  зөрчил гэж юу хэлэх вэ гээд салбар бүр дээр нь хэлэлцэж байлаа. Дараагаар нь процессийг нь хийж өгсөн. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хуулинд торгож баривчилна гэж заажээ. Үүнийг дагалдаж оруулж ирж байгаа 202 хуулинд засч байгаа гэсэн засаагүй.  Зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааны хуулийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн юм.

 

Ийнхүү Зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн  болон хамт өргөн мэдүүлсэн 202 хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал хураалт явууллаа. Гишүүдийн олонхийн саналаар уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин