“Голден Гран-При”-д манай 10 бөх урилгаар барилдана
2015-10-23

Г.Алиевийн дурсгалд зориулсан чөлөөт бөхийн “Голден Гран-При” тэмцээн энэ сарын 28-29-ний өдрүүдэд Азербайжан улсын нийслэл Баку хотын “Baku Sport Hall” спортын ордонд болно.

 

Энэхүү тэмцээнд манай 10 бөх урилгаар барилдахаар болжээ. Эрэгтэй чөлөөт бөхийн төрөлд 57 кг-д олон улсын хэмжээний мастер, ДАШТ-ий хүрэл медальт Эрдэнбатын Бэхбаяр, 61 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер, Дэлхийн аваргын мөнгөн медальт Батболдын Номин, 65 кг-д гавьяат тамирчин ДАШТ-ий хошой хүрэл медальт Ганзоригийн Мандахнаран, 70 кг-д олон улсын хэмжээний мастер Гантулгын Идэрхүү, 74 кг-д олон улсын хэмжээний мастер, Дэлхийн аваргын мөнгөн медальт Пүрэвжавын Өнөрбат, 86 кг-д  олон улсын хэмжээний мастер Пүрвээгийн Өсөхбаатар нар уригджээ.
 

Харин эмэгтэй чөлөөт бөхийн төрөлд 58 кг-ын жинд гавьяат тамирчин, ДАШТ-ний алт, мөнгөн медальт Сүхээгийн Цэрэнчимэд, 63 кг-д  гавьяат тамирчин дэлхийн хошой аварга Соронзонболдын Батцэцэг, 69 кг-д олон улсын хэмжээний мастер Энхбаярын Цэвэгмид, 75 кг-д олон улсын хэмжээний мастер Бадрахын Одончимэг нарыг урьсан байна.

 

Жин тус бүрт түрүүлсэн бөхөд 10 мянга, түүнээс хоёр мянгыг нь дасгалжуулагчид нь, мөнгөн медаль хүртсэн бөхөд таван мянга, хүрэл медаль хүртсэн бөхөд хоёр мянган ам.долларын урамшуулал олгох аж. Тэмцээнд уригдсан бөхөөс өөр тамирчин явж болох гэнэ.

 

Б.Бэхи

 

Shuud.mn
Сонин хачин