“ЧИНГИС”, “САМУРАЙ” бондын зарцуулалтыг нууцлахын учир юу вэ
2015-10-26

Эрх баригчдаас “Чингис”, “Самурай” бондын тайлангийн зарцуулалтыг ил болгохийг олон нийт хийгээд зарим улстөрч, нам эвсэлvvд олонтаа шаардсан боловч өнөөг хvртэл таг хэвээрээ байна. Тодруулбал, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Л.Энх-Амгалан гишvvнээр ахлуулсан ажлын хэсгийнхэн дээрх бондын vйл ажиллгаанд шалгалт хийсэн мөртлөө нөхцөл байдал ямар байгааг одоог хvртэл олон нийтэд ил болгохгvй байгаа юм. Гэвч эх сурвалжийн ярьж буйгаар энэхvv бондод хийсэн шалгалт хэдийнэ бэлэн болсон ч эрх баригчдын шахалт дарамтад орж мэдээллийг гадагш гаргаж чадахгvй байгаа гэх.


2014 оны гуравдугаар сарын 19-ны өдөр Л.Энх-Амгалан гишvvн бондын зарцуулалтын талаар тайлагнахыг хvсч байсан


Тэгэхээр шалгадгаа, шалгаад ажлын хэсгийнхэн гарын vсгээ зурж нийтэд мэдээллэх л vлдчихээд байхад тэд юуны учир энэхvv бондын зарцуулалтыг хав дарж цаг хугацаа хожихоор vхэн хатан тэмцэлдэж байна вэ. Уг нь энэхvv ажлын хэсгийг ахалж буй УИХ-ын гишvvн Л.Энх-Амгалан өнгөрсөн оны гуравдугаар сарын 19-ын өдөр Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярт бондын зарцуулалттай холбоотой дөрвөн зvйл бvхий асуултыг УИХ-ын гишvvн Ч.Хvрэлбаатар, Д.Хаянхярваа нарын хамт тавьж байсан удаатай. Тухайлбал,



1.Засгийн газрын арилжаалсан 1.5 тэрбум ам.долларын "Чингис бонд”, 30 тэрбум иений "Самурай" бондын хэд нь Монгол Улсын Хөгжлийн банкны дансанд бодитойгоор оров.


2. Хөгжлийн банк дахь "Чингис бонд" болон "Самурай" бондын хөрөнгө, тvvнчлэн тус банкны бусад ашиглагдаагvй хөрөнгийн vр ашгийг нэмэгдvvлэх vvднээс ямар нөхцөл, шалгуураар хэдий хэмжээний хөрөнгийг арилжааны банкуудад байршуулав.


3. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19 дvгээр зvйлийн 19.3 дахь хэсэгт заасан улсын өрийн хэмжээг ДНБ-ний 40 хувиас хэтрvvлэхгvй байх шаардлага хангагдаж байгаа эсэх, дээрх бондуудыг авсны дараах байдлаар Монгол Улсын өрийн хэмжээ хэд болж, ДНБ-ий хэдэн хувьд хvрэв.



4. Төсвийн тухай хуулийн 49 дvгээр зvйлийн 49.3-т "Өр vvсгэж бvрдvvлсэн эх vvсвэрийг зөвхөн төсөвт тусган, баталсан хөтөлбөр, төсөл, арга хэмжээг санхvvжvvлэхэд зарцуулна" гэж заасны дагуу бондын хөрөнгийн эх vvсвэрийг хэзээ, хэрхэн улсын төсөвт тусган хуулийн зөрчлийг арилгах тухай тодорхой мэдээлэл ирvvлж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд сонсгохыг хvсч байна гэж байсан байна.



Дахин сануулахад , дээрх дөрвөн асуулгыг УИХ-ын гишvvн Л.Энх-Амгалан өнгөрсөн онд Эдийн засгийн хөгжлийн яам руу явуулж байсан хэрнээ яагаад бондод хийсэн шалгалтынхаа дvнг бэлэн болчихоод байхад нь олон нийтэд танилцуулахгvй хав дарах болов оо. Багагvй хэл аманд өртөөд байсан эрхэм гишvvнтэн хувь эзэмшдэг “МSС” компаниа “Чингис”, “Самурай” бондоос ямар ч зээл аваагvй гэдгээ баталчихаад байгаа. Харамсалтай нь, яагаад гэх асуултын хариуг өнөөг хэр нь олж чадахгvй байгаад хамаг учир байна. Уг нь олон нийтийн хvсч буй ганц зvйл нь бондын мөнгөөр томчууд гараа угаасан уу аль эсвэл vр дvнтэй төсөл хөтөлбөрт зарцуулсан уу гэдгийг л мэдэхийг хvсч буй билээ. Мэдээж олон нийт энэхvv бондын зарцуулалтын тайланг сонирхох нь аргагvй.


Учир олон мянган жирийн ард иргэнийн татварын мөнгөнөөс бондын хvv төлөгдөх учраас тэд мэдэхийг хvссэн хэрэг.
Өөрөөр хэлбэл, Эдийн засгийн өршөөлийн хууль хэрэгжиж эхэлсэн бөгөөд эл хуулиар “Чингис”, “Самурай” бондоос хэдэн арван тэрбумаар нь хумсласан байж болзошгvй хэсэг бvлэг этгээдvvд ял завшиж өршөөгдөх гээд байгааг vгvйсгэхгvй.
 


Чингис бондын 1.5 тэрбум доллараас 520 тэрбум төгрөг vлджээ


Ямартай ч “Чингис” бонд 1.5 сая ам долларын санхvvжилттэй. Энэ мөнгийг 11 төсөлд зарцуулж, эдvгээ 520 тэрбум төгрөг vлдээд байгаа талаарх мэдээлэл бидэнд байна. Өнөөдрийн байдлаар “Чингис” бондын мөнгөөр дараах төслvvдийг санхvvжvvлжээ. “Гудамж” төсөлд 200 сая ам.доллар, “Авто зам”-ын төсөлд 570 тэрбум төгрөг, “Шинэ төмөр зам” төсөлд 200 сая ам.доллар, “Тавантолгойн цахилгаан станц” барихад 50 сая ам.доллар, “Ноолуурын салбарт технологийн шинэчлэл” хийхэд 68.8 сая ам.доллар, ”Улаанбаатар хотын гэр хорооллыг дахин төлөвлөлт”-д 200 тэрбум төгрөг, ”Байшин vйлдвэрлэх комбинат”-ыг сэргээхэд 14 сая ам.доллар, Сvv, сvvн бvтээгдэхvvний vйлдвэрлэлийг дэмжихэд 27.7 сая ам.доллар, Хvлэмж байгуулахад 17.7 сая ам.доллар, Ноосон бvтээгдэхvvний vйлдвэрлэлд 45 сая ам.доллар, Оёмол бvтээгдэхvvний vйлдвэрлэлийг дэмжихэд 13.5 сая ам.долларын санхvvжилтыг олгосон байна.


Дээрх бондын мөнгөний зарцуулалтын талаар тодорхой хэмжээгээр мэдээлж байгаа ч уг тайланг нь хангалтгvй байна гэж албаны хvмvvс хэлж байгаа юм. Эцэст нь хэлэхэд эдгээр бондоос УИХ, Засгийн газрын гишvvдээс хэн нь ямар зориулалтаар хэчнээн тэрбум төгрөгийг хэзээ, ямар төсөл хэрэгжvvлэхээр авсныг л ил болгоод өгөхийг олон нийт хvсч, хvлээж байгаа нь лавтай.

Shuud.mn
Сонин хачин
зочин:
АН-ынхан тэр аяаараа нөгөө газарлуу явах гээд байгаа учраас хойшлоод байгаа байх
2015-10-26