Оросууд энгийн иргэдийг хохироож байна

ОХУ-ын тусгай хүчин өнгөрсөн сарын 30-наас эхлэн Ойрхи Дорнодод хяналтаа тогтоохыг санаархаж буй “Халифын вант улс” бүлэглэлд агаараас цохилт өгч эхэлсэн билээ. Орос дөрвөн долоо хоногийн хугацаанд хэт даврагчдын 800 гаруй объект, хуаран болон зэвсгийн агуулах зэргийг устгасан болохоо өнгөрөгч амралтын өдөр тус улсын Батлан хамгаалах яамнаас мэдээлсэн. “Оросуудын агаараас өгч буй цохилт нь байгаа онохгүй, энгийн иргэдийг хохироож байна” хэмээн олон улсын хүний эрхийн байгууллагаас мэдэгдэв. Тус байгууллагын мэдээлснээр “Оросууд цэргийн ажиллагаагаа эхлүүлээд ойролцоогоор 89 иргэний аминд хүрсэн. Амиа алдагсдын дунд 0-2 насны хүүхдүүд байсан” гэв.
“Оросуудаас болж нэг гэр бүлийн таван гишүүн амь үрэгдсэн” гэж Сирийн Хүний эрх, эрх чөлөө байгууллагын төвөөс мэдэгдсэн байна. Гэхдээ энэхүү мэдээллийг Москвагийн тал батлахгүй байгаа хэдий ч АНУ, Их Британийн Засгийн газар “Оросууд хэт даврагчдаас гадна Башар аль Ассадын эсрэг тулалдаж буй сөрөг хүчин болон тэдний гэр бүлд цохилт өгч, амь насанд нь заналхийлж байна” хэмээн буруутгажээ. Дээрх байгууллагаас гаргасан судалгааг НҮБ-ын шинжээчид батлаагүй байгаа юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ