Хотын дарга Хятадын Элчин сайдтай уулзав
2015-10-27

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдын албанд ноён Син Хайминийг шинээр томилогдсонтой нь холбогдуулан хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр улсын хамтын ажиллагаа, цаашдын хөгжлийн талаар санал солилцов.               
Уулзалтын үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Юуны өмны БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдын албанд шинээр томилогдсонд баяр хүргэе. Улаанбаатар хотын хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын ажилд үргэлж үнэтэй хувь нэмэр оруулж, хотын хөгжлийг тууштай дэмжиж байдагт талархал илэрхийлье. Хятадын хөрөнгө оруулалт, тусламж дэмжлэгээр нийслэлд олон ажил хэрэгжүүлж байна. Тухайлбал, БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Бээжингийн гудамжийг шинэчилсэн. Танай улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох экспортын хөнгөлөлттэй зээлээр нийслэлийн хоёр байршилд гүүрэн гарц, Баянзүрхийн товчооноос Налайх чиглэлд шинээр авто зам барих ажил, “Монгол наадам цогцолбор” - ын бүтээн байгуулалтын ажилд Бээжингийн компаниудтай хамтран ажиллана. Цаашид Бээжин хот болон бусад олон хоттой бүхий л салбарт хамтарч, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.  


Харин БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Син Хаймин “ Сүүлийн жилүүдэд хоёр улсын хамтын ажиллагаа улам өргөжин хөгжиж байгаад таатай байна. Таны санал болгосон олон ажлыг хамтран хэрэгжүүлэхдээ баяртай байх болно. Улаанбаатар хотод 2016 онд болох АСЕМ - ын  дээд түвшний уулзалт, 2033 онд зохион байгуулах олон улсын оюутны спортын холбооны өвлийн “Универсиад” наадам зэрэг томоохон арга хэмжээ болон бүхий л салбарт хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлнэ” гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин