Шинэ цэвэрлэх байгууламж ирэх онд ашиглалтад орно
2015-10-27

 

  БХБЯ-наас  “Дэд бүтэц” төслийн хүрээнд нийслэл хотод баригдаж буй 20000 м/куб бохир ус цэвэрлэх хүчин чадалтай шинэ цэвэрлэх байгууламжийн зураг төсөл, барилгын угсралтын ажил 60 хувийн гүйцэтгэлтэй байна. Ирэх оны 8 сард ашиглалтанд орох уг цэвэрлэх байгууламж нь ирээдүйд 65000 гаруй айл өрх суурьшуулахаар төлөвлөгдсөн “Шинэ Яармаг”, “Буянт-Ухаа” орон сууцны хорооллуудад ашиглагдах юм.

     Тус байгууламж нь Монгол Улсад анх удаа олон улсын стандартад нийцсэн орчин үеийн технологиор баригдаж байгаа цэвэрлэх байгууламж бөгөөд бүрэн автоматжсан, телемеханикжсан, байгаль, цаг агаарын ямарч горимд тохируулан ашиглах боломжтой, экологийн өндөр шаардлага хангасан, эдийн засгийн хувьд үр ашигтай, цэвэрлэгээний үр дүн өндөртөй, лаг тунадсыг механик аргаар боловсруулах нөхцөлийг бүрдүүлсэн байгууламж болох юм байна.

     Одоо ашиглагдаж байгаа, 1964 онд байгуулагдсан Төв цэвэрлэх байгууламж нь ачааллаа дийлэхгүй, үйл ажиллагаа нь доголдсоноос нийслэлчүүдийн хувьд бохирын үнэр танар гэж бас том асуудал болоод байгаа. Хоногт дээд тал нь 130 мянган метр куб ус цэвэршүүлэх хүчин чадалтай энэ байгууламж одоо 140-150 мянган метр куб ус хүлээн авч байгаа аж. Бохир бол хорт хийн нэгэн адил байгаль орчин, хүний эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлдэг учраас ийнхүү шинэ цэвэрлэх байгууламжийг байгуулах нь нэн шаардлагатай байгаа юм.

     “Шинээр цэвэрлэх байгууламж барьж байгаа нь цагаа олсон маш чухал ажил юм. Төв цэвэрлэх байгууламж доголдож байгаа энэ үед шинээр цэвэрлэх байгууламжуудыг  барих хэрэгтэй” гэж Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ онцолсон. Түүний хэлснээр шинээр баригдаж байгаа дээрх байгууламж нь нийслэлчүүдийн ундны усны эх үүсвэр Туул голын усны чанарыг хамгаалах, хотын оршин суугчдын эрүүл мэндэд сайнаар нөлөөлөх гээд олон талын ач холбогдолтой ажээ.

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
туул голын захд бариад бг юмуу зохимжтой юм бх даа.
2015-10-27