З.Энхболдын даалгавраар 76-уулаа шаварт суулаа

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай төслийг хэлэлцэхээр байлаа. Харин гишүүн Ц.Нямдорж уг төсөлтэй танилцах шаардлагатай тул хойшлуулах хэрэгтэй гэсэн горимын санал гаргасан нь дэмжигдсэн юм. Тэрбээр УИХ-ын даргын зөвлөлийнхнийг энэ үеэр ширүүхэн шүүмжлэв. Тэрбээр “ Нэг асуудлыг УИХ буцаахаар Засгийн газар дахин дахин оруулж ирдэг явдал чинь эцсийн дүндээ төрийг түгжээнд оруулчихлаа. Цаашдаа ингэж амьдраад байх юм уу. Ирэх долоо хоногт хэлэлцэх эсэхийг нь шийдээд ердийн журмаар явцгаана биз. Хар дээр хар нэмж элдэв зүйл хийгээд байх шаардлага байна уу. Ер нь УИХ-ын даргын зөвлөлөөр байнгын хороодын дарга нар ний нуугүй ярьж бай. Зарим зүйл дээр асуудлыг хэлэлцүүлэхгүй гэдэг дээр чанга хэлж сурах хэрэгтэй. УИХ-ын даргын зөвлөлийн хурал ч, УИХ-ын ажил ч З.Энхболд юу гэж хэлж, зүтгүүлснээр өнөөдөр ийм байдалтай болж байна. УИХ-ын даргын зөвлөлийг би хоёр жил удирдсан хүн. Асуудал наанатай, цаанатай хандах хэрэгтэй. Нэг хүний үгээр явбал төр буруу тийшээ явна. Ганц Өршөөлийн хууль хэлэлцээд энэ намар гурван сар боллоо. Амралт, ажил ч байхгүй. Бүх зүйл саатсан. Нэг хүний даалгавраар хийгээд 76-уулаа шаварт суулаа. Одоо болих хэрэгтэй. Даргын зөвлөлийнхөн буруу зүйл хийвэл шүүмжлэх хэрэгтэй. Даргаа даргаа гээд дагаж гүйгээд байх тусам төрийн ажил самуурдаг. Манай дарга нар өөрийнх нь үгнээс гардаггүй хүнийг хамгийн сайн, сөрж үг хэлж, асуудал тавьсан хүнээ дайсан үздэг асуудлын шалтгаан байгаа. Энэ бүх зарчмын муу зүйл төрийг алдаанд хүргэж байна. Цаашдаа анхаараарай гэв.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ