МОХ-ны удирдлагууд оюутнуудыг дарамталдаг уу
2015-10-28

 

Төрийн өмчит их, дээд сургуулиудын оюутны холбооны тэргүүн нар хэвлэлийн хурал хийлээ. Уг хурлаар 18-нд болсон ээлжит бус чуулганаар МОХ-ны шинэ удирлагуудыг сонгосон ч хуучин удирдлагууд тамгаа хүлээлгэж өгөхгүй байгаа талаар мэдэгдлээ.

 

Энэ сарын 18-нд төрийн өмчит их, дээд сургуулийн нэгдэл, хяналтын зөвлөл хамтран оюутны холбооны ээлжит бус чуулганыг зохион байгуулжээ. Уг чуулганаар МОХ-г оюутнууд өөрсдөө удирдах нь зүйтэй гэсэн шийдэлд хүрч, шинэ удирдлагуудыг сонгосон ч холбооны удирдлагууд тамгаа хүлээлгэж өгөөгүй аж. Энэ сарын 25-нд МОХ-ноос “Оюутны эрх” ээлжит бус чуулганыг дахин зарлаж шинэ удирдлагыг сонгосон байна. Чуулганыг зохион байгуулахдаа их, дээд сургуулиудад албан ёсоор мэдэгдээгүй учраас төрийн өмчит сургуулиуд оролцоогүй аж. Санал хураалтаар Н.Удаанжаргал МОХ-ны тэргүүнээр сонгогджээ. “Н.Удаанжаргал нь МАН-ын гишүүн. Оюутны нэр барьж улс төрд гарахыг санаархаж байна” хэмээн МУИС-ийн оюутны холбооны тэргүүн У.Басбиш хэлж байв.

 

“Оюутны холбоог оюутнууд өөрсдөө удирдана” гэсэн тэдний шаардлагын хариуд МОХ-ны гүйцэтгэгч хорооны гишүүд айлган сүрдүүлж “Төгсөхийг чинь харна аа” гэж дарамталдаг талаар МУИС болон ШУТИС-ийн оюутны холбооны тэргүүн нар хэллээ.

 

Нийслэлээс өнгөрсөн хавар МОХ-нд, U-Money карт захиалах албан бичиг хүргүүлсэн. Гэвч холбооны удирдлагууд дур мэдэн, “Смарт” картны захиалга авч, 64 мянган оюутныг хохироосон. Ажлын хариуцлага алдсан, эсвэл санаатайгаар 700 гаруй сая төгрөгийг холбооны удирдлагууд хувьдаа завшсан” гэдгийг тэд хурлын үеэр хэлсэн юм.

 

Г.Тэгшсүрэн

 

 

Shuud.mn
Сонин хачин