Тархины харвалтаас сэргийлэх өдөрлөг болно
2015-10-28

 

Маргааш Тархины харвалттай тэмцэх дэлхийн өдөр тохионо. Үүнтэй холбогдуулан Харвалт судлалын нийгэмлэг,  I, III эмнэлгийн харвалтын тасгийн эмч нар хамтран хэвлэлийн хурал хийлээ. Манай орон харвалтаар нас барж байгаа хүний тоогоор дэлхийд дээгүүрт ордог учраас урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө өглөө.

 

Дэлхийд зургаан хүн тутмын нэг нь тархины харвалтанд өртдөг байна. 100 хүн харвахад 85 нь амь насаа алддаг учраас тархины харвалтаас урьдчилан сэргийлэх нь маш чухал асуудал аж. Цусны даралт ихсэлт нь тархинд харвалт өгөх үндсэн шалтгаан болдог аж. Тархинд харвалт өгөх эрсдэлийг 4-6 дахин ихэсгэж, судасны ханыг гэмтээн, судас нарийсах, судасны хана язран гэмтэж цүлхэн үүсгэдгээс харвалт болох нөхцөлийг бүрдүүлдэг байна.  Иймд даралтын аппараттай болж, өдөр бүр гэртээ хянах эсвэл жилд 2-3 удаа эмчид үзүүлж байхыг зөвлөв.  Мөн тархины харвалтаас урьдчилан сэргийлэхийн тулд хүнсэндээ давс, өөх тос бага хэрэглэх, архи тамхины хэрэглээг багасгах шаардлагатайг санууллаа.

 

“Таны цусны даралт их байгаа нь тархинд харвалт өгч, үхэлд хүргэх аюултайг ухамсарлан ойлгох нь чухал” гэдгийг I эмнэлгийн мэдрэлийн тасгийн эмч Л.Энхсайхан хэлэв.

 

Харвалттай тэмцэх дэлхийн өдрийн хүрээнд маргааш 10.00 цагаас I,III эмнэлэг дээр харвалтаас урьдчилан сэргийлэх сургалт, зөвлөгөө өгөх өдөрлөг зохион байгуулах юм байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин