Харри Вашингтонд айлчилж байна
2015-10-29

Их Британийн ханхүү Харри АНУ-д төрийн айчлал хийхээр өчигдөр 20.00 цагт хүрэлцэн ирсэн тухай “www.msnbc.com” мэдээллээ. Ерөнхийлөгч Барак Обама ханхүүг хүлээн авч, сүүлийн үеийн асуудлаар ярилцсан байна. “Тэд 50 минут ярилцсан” гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жей Карней мэдэгдэв.

 

Уулзалтын дараа ханхүү, тэргүүн хатагтай Мишель Обамагийн хамтаар Афганистан улсад хэт даврагчид, зэвсэгт босогчидтой тулалдаж байсан Америкийн явган цэргийн төлөөлөлтэй уулзаж, урлаг болон спортын тоглолт үзсэн байна. Ханхүү 2011 онд Афганистанд алба хааж байжээ.

 

Харри “NBS” телевизэд “Энэ удаагийн айлчлал миний сэтгэлийг хөдөлгөж чадлаа. Би тун баяртай байна. Армид хамт алба хааж байсан нөхөдтэйгээ уулзах үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан юм” гэж хэлжээ.

 

Британийн Хатан хааны ордноос мэдээлснээр “Ханхүүгийн айлчлал маргааш өндөрлөнө” гэв. “Түүний айлчлалын гол зорилго хоёр улсын найрсаг харилцааг өргөжүүлэх” хэмээн Букингемийн ордны хэвлэлийн албанаас мэдээлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин