Шүүхийн шийдвэр банкуудын талд гарчээ
2015-10-29

Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд энэ сарын 26-ны өдөр  Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт холбогдох нэр бүхий есөн банкны нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцжээ.

 

Шүүхээс нэр бүхийн есөн банкны нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байна. Шүүхийн шийдвэр банкуудын талд гарсан гэсэн үг.

 

Уг хэргийг  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дүгээр зүлийн 70.1, 70.2.1, 70.2.8 дахь хэсгийн удирдлага болгон Хасбанк ХХК,  Чингис хаан банк ХХК-иудын Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Улсын байцаагчийн “Мэдээлэл хүсэх тухай” 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 7/169 дугаар шаардлагыг илт хүчин төгөлдөр бус болохыг нь хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

 

Голомт банк ХХК, Худалдаа хөгжлийн банк ХХК, Ариг банк ХХК, Хаанбанк ХХК, Капитал банк ХХК,Капитрон банк ХХК, Улаанбаатар хотын банк ХХК, Хасбанк ХХК, Чингис хаан банк ХХК-иудад холбогдуулан гаргасан Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Улсын байцаагч нарын  2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 5/418, 5/419, 5/420, 5/421, 5/422, 5/424,5/425, 5/426, 5/428 дугаар албан шаардлагууд болон  2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 5/75, 5/76, 5/77, 5/78, 5/79, 5/80, 5/81, 5/83, 5/85 дүгнэлтүүдийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

ШӨХТГ-ын улсын байцаагч нар “...банкуудын зээл олгохдоо авч буй шимтгэл, хураамж гэх төлбөрийг давхардуулж авдаг, шимтгэлийг бодит зардалтай уялдуулаагүй буюу өндрөөр тооцдог, эдгээр шимтгэл, хураамжийн талаар төөрөгдүүлсэн мэдээллийг харилцагч нартаа өгдөг” гэх зөрчлийг тогтоон нэр бүхий есөн банкинд улсын байцаагчийн дүгнэлт, “...өөрийн банкны зээлийн үйлчилгээний шимтгэл, хураамжийн талаар мэдээллийг зээлдэгчдэд бүрэн, үнэн зөв өгч байх,  зээлийн шимтгэл, хураамжийг давхардуулан авахгүй байх, зээл олгосны шимтгэлийг гарч буй зардалтай уялдуулан үндэслэлтэй тогтоох” албан шаардлага хүргүүлсэн. Харин банкуудын зүгээс ШӨХТГ-ын хууль бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаад байсан юм.

 

Энэ хэргийг өмнө нь Анхан болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч нэр бүхий есөн банкны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан. Гэвч  Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаас анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг учир дутагдалтай хэмээн үзэж анхан шатны шүүхэд буцаагаад байсан юм.

 

Хэрэг банкуудын талд шийдэгдсэн гол учир Монгол банкны нэгэн журамтай холбоотой аж. Арилжааны банкууд иргэдэд үйлчилгээ үзүүлэхдээ шимтгэл авах эрхийг олгосон журмыг Монгол банкнаас гаргасан байдаг юм байна.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин