Шилэн хөвөн уушгины хорт хавдар үүсгэдэг
2015-10-30

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, НМХГ хамтран энэ сарын 26-28-ны өдрүүдэд шалгалт явуулжээ. Уг шалгалтаар 3 аж ахуй нэгж, 1 иргэн  хууль бусаар оруулж ирсэн асбест болон асбест агуулсан бүтээгдэхүүн худалдаалж байсныг илрүүлжээ. Асбест буюу  бидний хэлж заншсанаар  шилэн хөвөн нь хүний биед маш хор нөлөөтэй бөгөөд уушгиний хорт хавдар үүсгэдэг аж.  Иймд асбестын хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн талаар НМХГ-ын стандарт чанарын хяналтын улсын байцаагч Г.Удвалаас тодрууллаа.

 

-Асбестын талаар  та тодорхой мэдээлэл өгөөч. Хүмүүс тэр бүр мэддэггүй.

-Асбест нь байгаль дээр тархсан гидросиликат магни, төмөр, кальци, натриас тогтсон маш нарийхан утсархаг бүтэцтэй, бутрамтгай чулуулаг эрдсүүд юм. Дулаан, галд тэсвэртэй, усанд уусдаггүй, хайлдаггүй.  Дулаан хадгалах шинж чанартай учраас дулааны станц, шугам шүлжээний газрууд өргөнөөр хэрэглэдэг.

 

-Иргэдийн гар дээрээс асбест илрүүлсэн гэсэн. Юунд ашигладаг юм бол?

-Асбест агуулсан бүтээгдэхүүнийг барилгын материал, эрчим хүч, автомашины сэлбэг, дулаан тусгаарлагчийн үйлдвэрлэлд хэрэглэдэг. Тухайлбал төмөр хайлуулагч зууханд тусгаарлагч, цахилгаан шатны тоормозны бэхэлгээ, автомашины дискний жийргэвч зэрэгт ашигладаг. Мөн барилгын дулаалгын материалд ашиглаж болно. Модон цонхонд нунтаг асбестыг зуурч, цонхны дулаалга болгож хэрэглэдэг. Шинж чанар нь маш сайн ч хүний биед маш хортой учраас татгалзах шаардлагатай. Цонхоо дулаахаас илүүтэй эрүүл мэнддээ анхаарахыг иргэдэд сануулмаар байна.

 

-Хүний биед ямар муу нөлөөтэй вэ?

-Асбестын  тоос амьсгалын замаар хүний биед нэвтрэн орж, уушгинд удаан хугацаагаар тунаж үлддэг. Үүнээс шалтгаалан  уушгины хорт хавдар, хэвлий болон цээжний гялтан хальсны хорт хавдар зэрэг өвчнийг үүсгэх гол шалтгаан болдог. Зарим судалгаагаар асбест нь ходоод, гэдэс, бүдүүн, шулуун гэдэсний хавдар үүсгэх, бөөр улаан хоолой, цагаан мөгөөрсөн хоолой, давсагны хавдар тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг гэж үздэг. Асбестэй харьцаж ажилладаг хүн олон жилийн дараа уушгины хорт хавдраар өвчилдөг. Нууц үе нь урт учраас асбестын тоосонд өртсөнөөс хойш 25-30 жилийн дараа уушгины хавдар илэрдэг.

 

-Тэгэхээр хэдэн жилийн дараа өвчилсөн нь мэдэгдэх вэ?

- Асбестын тоосны гаралтай уушги тоосжих өвчин байдаг. 10-20 жилийн дараа өвчний шинж тэмдэг илэрдэг. Амьсгаадах, амьсгалын үйл ажиллагаа өөрчлөгдөх, хуурай ханиах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Асбесттэй харьцаж ажилладаг хүн тамхи татдаг бол өвчлөл үүсгэх эрсдлийг 20 дахин нэмэгдүүлдэг.

 

-Орлуулах өөр хоргүй бодис байдаг уу?

-“Поли-Уритан” гэдэг бодисоор орлуулж болно. Энэ бодисыг 2013 онд манай улсад оруулж ирсэн. Хүний биед сөрөг хор нөлөөгүй, нунтаг цагаан үрлэн хэлбэртэй орлуулж болох бодис. Уг нь асбестыг хэрэглэхийг 2011 оны Засгийн газрын тогтоолоор хязгаарласан байдаг.

 

-Засгийн газрын тогтоолоор хориглосон ч илэрч байна гэхээр хил гаалийн хяналт муу байна уу?

- Нууж хааж, хууль бусаар оруулж ирж байгаа учраас хил гаалийн хяналтынхан тэр болгон илрүүлэх боломжгүй юм. Цемент, замаск дотор нууж нунтаг асбестыг их оруулж ирж байна. Гадна талаас нь хараад  илрүүлэх боломжгүй. Зөвхөн Байгаль орчны яамнаас олгосон тусгай зөвшөөрөлтэй компани үйл ажиллагаандаа хэрэглэх эрхтэй. Уг нь хилээр тусгай зөвшөөрлийн кодоор орж ирэх ёстой байдаг.

 

-Шалгалт цаашид үргэлжлэх үү? Бусад барилгын материалын газарт  худалдаагдаж байхыг үгүйсгэхгүй?

-Шалгалт цаашид үргэлжилнэ. Ирэх онд сургалт зөвлөмж зохион байгуулж төрийн байгууллагуудтай хамтарч ажиллана. Алдаа дутагдал хаана байна, бүр мөсөн хориглох ямар арга зам байна, орлуулах бүтээгдэхүүнийг яаж оруулж ирэхэв гэдгийг ирэх оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгаж ажиллах болно.

 

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин